Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх уулзалтад Элчин сайд Л.Баттулга оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-18 20:16:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тажикистан улсын Душанбе хотноо энэ сарын 15-нд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний тав дахь удаагийн уулзалтад Монгол Улсаас Тажикистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцов.



Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү уулзалтад 30 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцжээ. Азид төдийгүй, дэлхийд голлох үүрэг гүйцэтгэж буй 20 гаруй  томоохон улс орны төлөөлөл, засгийн тэргүүн, улс төрийн лидер, олон улсын байгууллагын удирдлагууд оролцсон байна. 

 

Энэхүү дээд хэмжээний уулзалт Ази тивийн аюулгүй байдлын салбар дахь хамгийн өргөн хүрээний олон талт уулзалт бөгөөд үүгээр дамжуулан Азийн орнууд харилцаа холбоогоо эрчимжүүлэх, тус бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулах талаар хэлэлцэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.



Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (АХАИББХ) гишүүнээр Азербайжан, Афганистан, Бахрейн, Вьетнам, Египет, Израил, Йордан, Ирак, Иран, Казакстан, Камбож, Киркиз, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Тажикистан, Тайланд, Турк, Узбекистан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 27 улс байдаг. Энэ нь Ази тивийн хүн амын болон газар нутгийн 90 гаруй хувийг эзэлж байна. Мөн АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайз, Украин, Филиппин, Япон зэрэг ажиглагч орон багтдаг. Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтой тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгаль орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий АХАИББХ-ын дээд түвшний анхдугаар уулзалт 2002 оны зургадугаар сарын 4-нд БНКазУ-ын Алматы хотод болж АХАИББХ-ын дүрэм-Алматын Тунхаглал хэмээх үндсэн баримт бичигт гарын үсэг зурж байжээ.

Холбоотой мэдээ