Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-19 11:13:04

ТОКИО. /Asahi/. Дарсыг бага хэмжээгээр тогтмол хэрэглэдэг настай хүмүүсийг дарс огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад танин мэдэхүйн чадвар нь илүү хөгжсөн байдаг аж. Японы Осака хотын их сургуулийн хэсэг бүлэг эрдэмтэн ийм дүгнэлтэд хүрчээ.


Хоёр долоо хоног орчим үргэлжилсэн судалгаанд Хёго мужийн 76-86 насны 1200 орчим оршин суугчийг оролцуулжээ. Эрдэмтэд тэдний хоолны зуршил болон согтууруулах ундааны хэрэглээг судлахын сацуу тархины үйл ажиллагаа, анхаарал ой тогтоолтыг нь янз бүрийн аргаар судалсан байна. Эрдэмтдийн үзсэнээр, ажиглалт хийсэн 1150 хүнээс 67 хүний танин мэдэхүйн чадвар илүү хөгжсөн байсан аж.


Танин мэдэхүйн чадвар нь илүү сайн хөгжсөн өндөр настнууд улаан дарс тогтмол хэрэглэдэг болохыг судлаачид олж илрүүлжээ. Тийнхүү дарсыг бага хэмжээнд тогтмол хэрэглэх нь тархины үйл ажиллагааг дэмжиж, биеэс хорт бодисуудыг гадагшлуулдаг гэсэн дүгнэлтэд мэргэжилтнүүд хүрчээ.


Шар айраг, сакэ зэрэг бусад согтууруулах ундаа ийм эерэг нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй хэдий ч судлаачид хоёр жилийн хугацаанд дүн шинжилгээ хийсний эцэст ямар ч төрлийн согтууруулах ундааг долоо хоногт нэг удаа хэрэглэдэг өндөр настай хүмүүсийн тархины үйл ажиллагаа нь огт уудаггүй хүнийхээс илүү сайн явагддаг болохыг тогтоосон байна.  

Холбоотой мэдээ