Ц.Оюунбаатар: ХӨСҮТ-ийн нөөцөд 10 мянган хүнд хийх улаанбурханы вакцин бий

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-31 15:13:28

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр одоогоор Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэж буй. Иймд улаанбурхан өвчний гаралт, эдгэрэлт, эмч эмнэлгийн байгууллагын ачаалал, тэнцвэржүүлэлтийн талаар мэдээлсэн юм.

Энэ сарын 29-ний байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 нь улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэй байсан тул 73-ыг нь хэвтүүлж, үлдсэн иргэдийг гэрээр эмчлүүлэхээр болсон  байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 457 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 22 нь сэхээнд байгаа аж. Өвчлөлийн дэгдэлт буурахгүй, орон нутаг руу чиглэж байгаа ба өвчлөгсдийг насны байдлаар нь авч үзвэл 46 хувийг 15-25 насныхан, 7.5 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах болоогүй насныхан эзэлж байна. Өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулж Эрүүл мэнд, спортын яамнаас шуурхай арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-ийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Эмч нарын орон тоог 2 дахин нэмсэн. Өдөрт 7 эмч ажиллаж байсан бол одоо 14 эмч ажиллаж байна. Мөн эмнэлгийн бусад ажилтнууд 24 цагаар ажиллаж байгаа. Засгийн газраас 948 сая төгрөгийн хөрөнгийг Улсын нөөцийн газраас гаргуулж, вакцин болон дагалдах хэрэгслийн захиалгыг өгсөн. Одоогоор ХӨСҮТ-ийн нөөцөд 10 мянган хүн/тун вакцин бий гэж сайд танилцуулав.

Манай улс 1973 оноос энэ төрлийн вакциныг хэрэглэж ирсэн ч 18-30 насныхан дархлаажуулалтад хамраагүй өнжсөн байдаг. Иймээс эдгээр иргэдийг вакцинжуулалтад хамруулж чадвал эл өвчний дэгдэлтийг багасгах боломжтой гэнэ. Одоогийн байдлаар Увс, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Орхон зэрэг улаанбурханы өвчлөл өндөр байгаа аймагт зөвлөх эмч нарын баг ажиллуулахаар гаргажээ. Ер нь мэргэшсэн мэргэжлийн хүн дутагдалтай байгаа тул нийт 500 гаруй эмчийг давтан сургалтад хамруулсан. Түүнчлэн дэгдэлтийн улмаас эмч нар өөрсдөө халдвар авч болзошгүй нөхцөл үүсч байна гэж салбарын сайд хэллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ