Э.Цэвэлмаа: “Сүрьеэгүй Алтай” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-20 13:02:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт сүрьеэ өвчний гаралт хэр байгаа, орон нутгийн Эрүүл мэндийн газраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар тус аймгийн ЭМГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Цэвэлмаагаас тодрууллаа.


-Сайн байна уу? Говь-Алтай аймагт 2019 он гарсаар сүрьеэ өвчний тархалт хэр байна вэ?

-Сайн, сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай аймагт жилд дунджаар сүрьеэгийн 20 гаруй тохиолдол бүртгэгддэг. 2019 он гарсаар 12 тохиолдол бүртгэгдээд байна. Дээрх тохиолдлын гурав нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгаа бөгөөд залуучуудын дунд энэ өвчлөл ихсэх хандлагатай байгаа. Сүрьеэгээр өвчлөгсөд залуужиж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна Сүрьеэ өвчний тархалтад ажилгүйдэл, ядуурал, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг нөлөөлдөг. Хүмүүс нэг зүйлийг сайн ойлгож аваасай гэж хүсэж байна, сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин. Эмчилгээгээ бүрэн хийж, сүрьеэгийн эмээ эмчийн заасны дагуу тогтмол ууж хэрэглэхэд эдгэрдэг.

-Ерөнхий боловсролын сурагчдын дундаас тохиолдол бүртгэгджээ. Амьсгалын замаар халдварладаг учир дээрх сурагчдын ойр орчмынхныг шинжилгээ, оношилгоонд хамруулсан болов уу?

-Хүүхдийн сүрьеэ сургуулиас гарч байна гэдэг нь маш аюултай. Дээрх сурагчдын ойрын хавьтал болох нэг ангид суралцагсдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан. Ер нь аливаа халдварт өвчин  уг халдварыг тарааж буй эх уурхай, тухайн халдвар дамжих зам, уг халдварт өртөх бие гэсэн хүчин зүйлүүдээс бүрддэг. Хамгийн гол  нь халдвар тарааж буй эх уурхайг эрт илрүүлж бүрэн эмчилж,  халдварын голомтыг таслан зогсоох явдал чухал байдаг.

-Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?  

-2016 онд батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т сүрьеэ өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд шинэлэг арга нэвтрүүлэх, салбар хоорондын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх зорилт тусгагдсан байдаг. Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хүн амын дунд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, төгс эмчилгээний чанарт хяналт тавьж, тархалтыг хязгаарлан ажиллахаар төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ онд дээрх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Сүрьеэгүй Алтай“ аймгийн дэд хөтөлбөр батлуулах бэлтгэл ажил хийж байна. Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдөр “Дэлхий нийтээрээ сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тодорхой нэг сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Цаг нь болсон” уриан дор бид аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн хамт олонтой хамтран уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Есөнбулаг сумын ерөнхий боловсролын I, II, “Хантайшир эрдэм цогцолбор” сургуулийн 405 сурагч, Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын 54 ажилтанд сургалт зохион байгууллаа. 

-Сүрьеэ өвчин ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч бүрэн эдгэрдэг гэлээ. Гэтэл энэ өвчнөөр дахин өвчлөх үү?

-Зарим халдварт өвчнүүд тухайлбал салхин цэцэг, улаан бурхнаар хүн нэг өвчилсөн бол дахин өвчилдөггүй. Насан туршийн дархлаа тогтдог. Сүрьеэ өвчнийг бүрэн эмчлэхгүй бол өвчин сэдэрч дахин өвчлөх эрсдэлтэй.  

Иргэд сүрьеэгийн халдвар авах, сүрьеэгээр өвчлөх хоёроо сайн ялгадаггүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн болгон энэ өвчнөөр өвчилдөггүй. Дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдварыг авсан байдаг гэсэн тоо баримт байдаг. Өөрөөр хэлбэл гурван хүний нэг нь энэ өвчний халдварыг авсан гэсэн үг. Гэхдээ тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс нь шалтгаалдаг. Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг. Сүрьеэгийн халдвар авсан ч насан туршдаа энэ өвчнөөр өвчлөхгүй байх боломжтой.

-14 хоногоос дээш хугацаагаар ханиалгасан тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн байж магадгүй гэж шинжилгээнд хамрагдах ёстой гэж ярьдаг, яг ямар шинжилгээ өгөх вэ?

-Сүрьеэгийн үед илэрдэг үндсэн шинж тэмдэг нь 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай  цэр гарах, ерөнхий шинж тэмдэг нь шөнө хөлрөх, шалтгаангүй турах, халуурах, ядарч сульдах, хоолонд дургүй болох зэрэг  шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдгээс  2 буюу түүнээс дээш шинж тэмдэг  илэрсэн тохиолдолд заавал эмчид хандаж оношилгоо хийж, шинжилгээ хийлгэх шаардлагатай. 0-16 насны хүүхдүүд туберкулины арьсны сорил тавиулж насанд хүрэгчид цээжний рентген зураг авахуулах шаардлагатай. Мөн гэр бүлийн аль нэг гишүүн сүрьеэгээр өвчилсөн бол тухайн гэр бүлийн бүх гишүүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

-Тэгвэл өвчлөхөөс яаж  сэргийлэх вэ?

-Тухайн хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцэл, орчны нөлөө, амьдралын хэв маягаас шалтгаална. Биеийн эсэргүүцэл сулрахад сүрьеэгийн нян идэвхждэг. Сүрьеэгээр өвдсөн хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж өрхийн орлого багасдаг. Тиймээс биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, стрессгүй байх, амьдралын зөв хэвшлийг бий болгох нь чухал юм.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ