О.Отгонбаяр: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын архивын үзлэгээр “Маш сайн” үнэлгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-20 17:57:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилласан. Шалгалтын талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас тодрууллаа.


- Архивын улсын үзлэгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг.  Энэ  удаа  Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ерөнхий Сайдын захирамж, Хууль зүйн Сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийнхэн удирдамжийн дагуу улс даяар ээлжит үзлэгийг зохион байгуулж байна. Булган, Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллалаа. Энэ удаагийн үзлэг шалгалтаар байгууллагын ажлын зохион байгуулалт буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, архивын болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийн Монгол Улсын үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг үнэлсэн. Бид үзлэгтэй холбогдуулан үйлдвэрийнхээ хэмжээнд урьдчилсан үзлэг зохион байгуулах ажлын хэсэг томилж, бүтцийн бүх нэгжийг хамруулан ажилласан.

Ямар үнэлгээ авсан бэ?

- Эрдэнэт үйлдвэр дөрвөн жилийн өмнөх үзлэгээр төрийн өмчит болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээс Монгол Улсын хэмжээнд тэргүүлсэн амжилт гаргаж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа үзлэгт хамрагдлаа. Энэ удаагийн үзлэг нь Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөж, онцгой дэглэм тогтоосон, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа ихээхэн онцлог цаг үед таарсан. Бүтцийн өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, захиргааны үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх ажлыг тодорхой зохион байгуулалттайгаар дүрэм, журмын дагуу явуулж байна. Өөрчлөлтөөс үл шалтгаалан манай хамт олны үйл ажиллагаа жигд, хэвийн ажиллаж байгаа нь үзлэгийн дүнгээс харагдсан.

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтаар 92 оноо, байгууллагын архивын үйл ажиллагаагаар 99 оноо, албан хэрэг хөтлөлтөөр 98.5 оноо, мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдлаар 99.05 оноо авсан. Нийт дүнгээр 97.25 оноо буюу бүх чиглэлд “Маш сайн” үнэлүүллээ. Улсын хэмжээнд ирэх 11 дүгээр сард үзлэг шалгалт дуусч, нэгдсэн дүнг Монгол Улсын Их хурлаар хэлэлцэнэ. Энэ томоохон үзлэг шалгалтад бэлтгэн ажлаа шалгуулсан, үнэлүүлж дүгнүүлсэн, амжилттай оролцсон Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо, үзлэг шалгалтыг хариуцан зохион байгуулсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувиар баяр хүргэе.

- Цаашид авч хэрэгжүүлэх ямар зөвлөмж өгсөн бэ?

- Ажлын хэсэг хэд хэдэн дүгнэлт гаргаж, зөвлөмж өгсөн. Ингэхдээ, “Эрдэнэт үйлдвэрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа “Маш сайн” үнэлгээтэй дүгнүүллээ. Орхон, Булган аймаг болон бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаараа манлайлж, өөрсдийн тэргүүн туршлагаа нэвтрүүлэх талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүнээс гадна бүтцийн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг жигдрүүлж, нэг түвшинд авч явах талаар зөвлөсөн. Мөн Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч боловсрол, эрүүл мэнд, нийтийн хоол, төмөр зам зэрэг хэд хэдэн онцлог салбарыг дэргэдээ авч явдаг. Тиймээс албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тухайн салбарын жагсаалтыг баталж, түүхэн баримт бичгүүдийг бүрдүүлж авах нь чухал гэсэн зөвлөмж бидэнд өглөө. Энэ чиглэлээр цаашид анхаарч ажиллана.

Холбоотой мэдээ