Хонины ноос бэлтгэх олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж эхэллээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-20 15:15:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг суманд “Хонины ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах” олон улсын сургалт зохион байгуулж байна.

Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл хэрэгжүүлж байна.

Монгол Улсын эдийн засгийн томоохон түлхэц болох мал аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноос ноолуур, мах, сүүний үйлдвэрийг хөгжүүлэх, улмаар үйлдвэрийн өрсөлдөх чадвар, экспорт, ажлын байр бий болгоход төслийн зорилго чиглэж байгаа. Энэ ч утгаараа орон нутагт хонины ноос бэлтгэх олон улсын стандарт, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилтын  хүрээнд “Хонины ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах” сургалтыг  Ховд аймаг, тэр дундаа Зэрэг суманд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.  

Тус сургалт энэ сарын 18-22-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Малчид хонины ноос бэлтгэх ажилд гар арга буюу хайч ашигладаг. Энэ нь үйлдвэрт нийлүүлэх ноосны стандарт шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс энэ сургалтаар дамжуулан хонины ноосыг цахилгаан машинаар хяргах, ангилан ялгах, боох |преслэх|, үйлдвэрт нийлүүлэх, зардал-өгөөжийг тооцох ур чадварыг малчдад  эзэмшүүлэх сургагч багш нарыг  бэлтгэж байна.

Мөн хонины ноос бэлтгэх ажилд цахилгаан машин ашиглан практик туршилт хийж, ноосыг гараар хайчлах ба машинаар хяргах ялгааг харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж байгаагаараа  давуу талтай юм.    

Энэ сургалтад Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Чандмань, Дарви, Мөст сумаас гадна Архангай, Хөвсгөл, Дундговь аймгийн нөхөрлөл, хоршооны төлөөлөл 50 гаруй малчин оролцож байна. Эдгээр малчид эзэмшсэн мэдлэг, ур чадвараа орон нутгийнхаа бусад малчдад заах, түгээн дэлгэрүүлэх замаар хонины ноос бэлтгэх олон улсын туршлагыг  нэвтрүүлнэ. Төслийн зүгээс сургалтад оролцогч малчдад хонины ноос хяргагч цахилгаан машин гардуулан өгөв.

Сургалтын чиглүүлэгчээр Австрали, Шинэ Зеланд улсын мэргэжлийн сургагч багш нар ажиллаж байна. Энэ үеэр үнэ цэн шингээсэнчанартай ноос бэлтгэх гол алхам бол малаа сайн тордож ноосыг нь чанаржуулах, улмаар малаа угааж ноос хярган авах,  ноосоо ангилан ялгаж боловсруулах асуудал юм. Тиймээс малчдын хяргасан ноосны урт нь жигд, өнгө, хээл, зооны хэсгээр нь ялгасан, сайтар угаасан байх зэрэг шаардлагыг ямагт биелүүлэхийг зөвлөв.  

Мөн хонины ноосыг хяргахын өмнө угааж, хатсаны дараа гараар биш, машинаар хяргаж байхыг анхаарууллаа. Ингэснээр нэг хонин толгойгоос авах ноосны гарц 70 хувь байсан бол 90 хувь болж өсөх төдийгүй чанарын хувьд сайжирдаг гэнэ. Бас хонины ноосыг хяргахдаа шороотой холихгүйгээр ангилж, ялган боох |преслэх| арга технологийг эзэмших талаар ярьж байв.

Энэхүү сургалтын үр дүнд хонины ноосны гарц нэмэгдэх, ноос бэлтгэлийн чанар сайжрахын зэрэгцээ үйлдвэрлэлийн зардал буурах, бэлтгэн нийлүүлэгч болон үйлдвэрлэгчдийн хоорондын бизнесийн үр ашиг, хамтын ажиллагаа өргөжих,  орон нутагноосны нэмүү өртгийн сүлжээнд шинэ бизнесийн загвар, ажлын байр бий болох, мал эмнэлгийн  үйлчилгээний  чанар сайжрах зэрэг  боломж нээгдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Хонины ноосыг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох нь орон нутагт ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх давуу талтай. Мөн малаас гарах түүхий эдийг хаягдалгүйгээр боловсруулж зах зээлд гаргах, олон улсын шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэдгээрийн нэр төрлийг олшруулах боломжтой.

Энэ утгаараа хонины ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний үйлдвэрийг  түүхий эдээр хангах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам” батлан хэрэгжүүлж байгаа аж. 

Энэ удаагийн сургалтыг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Германы Худалдаа аж үйлдвэрийн танхим, Адра олон улсын байгууллага, Ховд аймгийн “Алтайн уулсын Оргил” дундын хоршоо, Хөгжил политехник коллеж зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.  




Холбоотой мэдээ