Д.Сүхбаатарын хөшөөг Сүхбаатар аймагт хамгийн анх босгожээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-06-20 23:20:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт хамгийн анх Д.Сүхбаатарын морьтой хөшөөг Сүхбаатар сумын төв Гүнбулагт босгосон байдаг. Түүнээс хойш  орон нутгийн уран бүтээлчид өөрийн аймгийн алдар цуут хүмүүсийн хөшөө дурсгалыг тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан барьж байгуулсаар байна. Эдгээрээс зарим түүхт хөшөө дурсгалыг танилцуулъя. 


Д.Сүхбаатарын хөшөө

1972 онд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын төв талбайд, морь унасан Д.Сүхбаатарын хөшөөг Монгол Улсын УГЗ М.Мижирийн гантиг суурин дээр урласнаар босгожээ. Үүнээс хойш Баруун-Урт сумын төв талбайд байрлаж байсан хөшөөг 2008 онд аймгийн Цагдаагийн газрын хашаанд шилжүүлэн байрлуулсан юм.



Аймгийн төв талбайд байрлах Д.Сүхбаатарын хүрэл хөшөө

Уг хөшөөг Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ойгоор, Төмөртэйн уурхайн санхүүжилтээр нутгийн уран бүтээлч, барималч Ж.Дүүрэнтөгс бүтээжээ. Хоёр метр өндөр гантиг суурь бүхий, баруун гартаа салхины аясаар найгах ташуур өлгөн, монгол дээл, жанжин малгай өмссөн хүрэл хөшөөг 2008 онд шинэчлэн босгожээ. Их жанжин Д.Сүхбаатарын чандрыг уг хөшөөний сууринд хийж байрлуулсан байна. Энэхүү хөшөө нь хөдөө орон нутагт босгосон гурав дахь хүрэл хөшөө юм. Хөшөөнөөс хааш хаашаа гурваас дөрвөн метр талбай бүхий хүндэтгэлийн гантиг давцанд сүхбаатарчууд баяр ёслолоор хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, аливаа баярын үйл ажиллагаагаа тэмдэглэдэг уламжлалтай.



Цэнгэлтийн Жигжиджавын хөшөө

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд асан, Сүхбаатар нутгаас төрөн гарсан анхны Ерөнхий сайд Ц.Жигжиджавын хөшөөг 1994 онд Баруун-Урт сумын төв цэцэрлэгт барималч Ж.Дүүрэнтөгсийн бүтээснээр босгожээ. Өдгөө түүний мэндэлсний 120 жилийн ойг угтаж хөшөөний эх загварыг бүрэн шинэчлэхээр болж, бэлтгэл ажил хийж байна.



Магсар хурцын Дугаржавын хөшөө

1992 онд Мөнххаан сумын 70 жилийн ойгоор Монголын төр нийгмийн зүтгэлтэн, алдарт дуучин, хурц баатар, М.Дугаржавын хагас суугаа хөшөөг түүний төрсөн нутаг Мөнххаан сумын төвд бүтэн цээж байдлаар уран барималч Ж.Дүүрэнтөгс бүтээжээ.



Чойн Дугаржавын хөшөө

Халх голын дайны дайчин баатар “Монгол Чапаев” хэмээн алдаршсан домогт морьт хорооны дарга, улсын баатар Чойн Дугаржавын хөшөөг түүний төрсөн нутаг Онгон сумын төвд 1994 онд барималч Ж.Дүүрэнтөгс, Ч.Эрдэнэбилэг нар барьж босгожээ. 2003 онд тус сумын сургуулийг түүний нэрэмжит болгосон байна.



Егүзэрийн хөшөө

Хэдийгээр мяндаг тушаалтай лам хүн ч  гэлээ мэдлэг боловсрол, ертөнцийг үзэх үзлийн хувьд “Нийгмийн хүн ” байсных нь хувьд хүн ардыг соён гэгээрүүлэхийн төлөө нэгэн насныхаа амьдралыг зориулсных нь төлөө түүний төрөлх нутаг Эрдэнэцагаан сумын ЕБС-ийг түүний нэрэмжит болгож, хөшөөг сургуулийнх нь өмнөх талбайд босгожээ. Нутгийн галт уулын хүрмэн чулууг оролцуулан босгосон саарал өнгийн хөшөөг мөн л нутгийн уран бүтээлч Ж.Дүүрэнтөгс бүтээжээ. Егүзэр хутагтын хөшөөг сүүлд шинээр бүтээн Баруун-Урт сум, кино театрын сааданд байрлуулсан байдаг.



Торой бандийн хөшөө

Дарьгангын шилийн сайн эр Торой банди хэмээх Нанзадын хөшөөг Алтан овооны гурав дахь жил буюу 1999 онд уран барималч Ж.Дүүрэнтөгс нутгийн галт уулсын хүрмэн чулууг ашиглан өвөрмөц өнгө уран дүрслэлтэйгээр Гангын цагаан овооны энгэрт байрлуулсан байдаг. Өдгөө гадаад, дотоодын жуулчдын зорин очдог уг түүхэн хөшөөг дахин шинэчлэхээр болжээ.



Нийгэм хонгорын хөшөө

Халхын Цэцэн хан аймгийн Ёст бээсийн хошуу нь Баглаа хээр, Зандан хүрэн, Нийгмийн хонгор гээд эрт дээр үеэс түмэнд алдаршсан хурдан хүлэг төрдөг тал хээр нутаг. Нийгмийн хонгор аймаг сумын наадамд 20 гаруй удаа түрүүлсэн амжилтыг нь өнөө хэр эвдээгүй байгаа билээ. Ийнхүү түүхэнд мөнхөрсөн хурдан хүлэг нийгмийн хонгор морины хөшөөг 2000 онд  тус морины 40 жилийн ойгоор барьсныг сүүлд Баруун-Урт сумын хурдан морины уралдааны замд байрлуулсан юм. Уг хөшөөг УГЗ уран барималч М.Мижир бүтээжээ.



Алунгоо эхийн хөшөө

Их Монгол Улс байгуулсаны 800 жилийн ойг тохиолдуулан Баруун-Урт сумын төв Дөрвөлж толгой дээр Алунгоо эхийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн барьсан юм. Хүүхэд залуучууд төдийгүй настнууд ч Баруун-Уртыг өндрөөс харж суух төдийгүй, нутгийн зохиолч, яруу найрагчийн шүлгийг уншиж сонирхон хөшөөнд цэцэг өргөн, шүлэг зохиолоо уншиж эв эеийг бэлгэддэг болсон. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн загварыг зураач Ё.Бадарч гаргаж хөшөөг нутгийн уран бүтээлч Ц.Энхтайван бүтээжээ.



Гал сөнөөгчийн хөшөө

Аймгийн гал түймэртэй тэмцэх албаны шинэ барилга 2003 оны намар 09 дүгээр сарын 01-нд ашиглалтад ороход уран барималч Ж.Дүүрэнтөгсийн бүтээсэн гал сөнөөгчийн нэргүй хөшөөг депогийн өмнөх талбайд суурилуулсан. Энэ нь гал түймрийн аюулаас улсын хөрөнгө, эрдэнэт хүний амь насыг аварсан жирийн гал сөнөөгчдийн ажил үйлсийг мөнхжүүлэхийн үүднээс босгосон хөшөө юм.


Жаахан шарга дууны хөшөө

Дарьганга, Онгон, Наран гурван сумын нутгийн зааг болох гурван хонгорт 2000 онд Жаахан шарга дууг зохиосон Инжээноров /Цэрэнноров/-ын үр хүүхдүүд, Онгон сумын ЗДТГ хамтран дуу зохиосны 150 жилийн ойн дурсгалд зориулж хөшөөг босгосон байна. Энэ хөшөө нь  хайрын дууны уртын дууны хувьд  Монголдоо анхны хөшөө юм. 2007 онд энэ хөшөө нь цогцолбор болон хөгжсөн юм.

 

 

Холбоотой мэдээ