Жил ирэх бүр хүүхдүүдийн ур чадвар нэмэгдэж өрсөлдөөн их байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-20 22:59:38

Завхан /МОНЦАМЭ/. Завханд "Дөл-Бид эх орны эзэд" нэртэй ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд болдог тэмцээн амжилттай болж 100 гаруй хүүхэд оролцжээ.

Тэмцээнд Завханы зургаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдээс бүрдсэн 10 баг оролцов. Тэмцээний үеэр багууд дасгалжуулагч багшийн тэмцээн, ханын сонин бүтээх, жагсаалын үзүүлэх тоглолт, 16 тоот дасгал, тасгийн ур чадварын тэмцээнүүд, дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэх, гурван километр замд марш гүйлтийн төрлөөр өрсөлдөж, шилдгээ тодруулжээ.

Ийнхүү нийлбэр дүнгээр Б.Нямгэрэл захирагчтай Жавхлант цогцолбор сургуулийн тасаг тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзнээр тодорчээ.

Харин удаах байруудад М.Бүрнээбаатар захирагчтай Улиастай сумын III сургууль, Э.Доржсүрэн захирагчтай Улиастай сумын Чандмань Эрдэнэ Лаборатори сургууль, Ц.Дөлгөөн захирагчтай Тэлмэн сумын сургууль, Л.Нямрагчаа захирагчтай Тэс сумын сургуулийн тасгууд тус тус шагналт байрт шалгарчээ.

Суралцангаа уралддаг тус тэмцээнд оролцож буй тасгуудын бэлтгэл, ур чадвар илүү сайжирсан нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна. Жил ирэх тусам тэмцээний чанар, өрсөлдөөн улам бүр чангарч оролцогч хүүхдүүдийн ур чадвар нэмэгдэж байгаа нь ч бахархууштай.

Тухайлбал автомат бууны задаргааг Тэлмэн сумын суралцагч Б.Даваажаргал 8.6 секунд, Тэс сумын суралцагч Б.Марал

/эмэгтэй/ 6.7 секунд, угсаргааг Улиастай сумын Чандмань Эрдэнэ Лаборатори сургуулийн суралцагч Э.Сүхтөмөр 15 секунд, сумалгааг Улиастай сумын 3 дугаар сургуулийн суралцагч Б.Лхагвасүрэн /эмэгтэй/ 26 секундэд гүйцэтгэж буй нь бахархмаар байв.

Мөн ҮОХЗХБ-ийн Ерөнхий цэргийн хамгаалалтын иж өмсөх нормативыг Улиастай сумын Чандмань Эрдэнэ Лаборатори сургуулийн суралцагч М.Ичинноров /эмэгтэй/ 2.47 секундэд хийж гүйцэтгэсэн зэргээс харагдаж байна.

Энэ жил "Дөл-Бид эх орны эзэд" нэртэйгээр зохион байгуулсан тэмцээн нь залуу үеийн бие бялдрын хөгжил, бүрэн дунд сургуулийн сурагчдыг цэрэг-эх оронч үзэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой. Тиймээс багш нарын хувьд жил ирэх бүр хүүхдүүдийн ур чадвар сайжирч буйг харах нь урамтай байдаг хэмээн зохион байгуулагчид мэдээлэв.

"Дөл" тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр, Завхан аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын 2019 оны А/209 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, зорилгоор зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ