Монгол, Солонгосын сэтгүүлчид анх удаа чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-21 17:19:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Солонгосын сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтыг “Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл-Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдвээр өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгууллаа.


Монгол-Солонгос сэтгүүлчдийн холбоо хамтын ажиллагаагаа эхлүүлсний 6 жилийн ойг угтан  зохион байгуулсан тус чуулга уулзалтад МСНЭ-ийн удирдлагууд болон БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар оролцов.

Энэ үеэр хоёр орны сэтгүүл зүйн хамтын ажиллагаа, дижитал эрин дэх сэтгүүл зүйн ирээдүйн талаар хэлэлцсэн юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Ж. Батбаатар хэлэхдээ, “Өнөөгийн нийгмийн цахим орчин дахь хуурамч мэдээлэл нь зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийн асуудал болсон. Иймээс улс орнууд мэдээллийн баримт, эх сурвалжийг магадлан шалгах бүхий л төрлийн арга  ашиглаж байна. Хэвлэл мэдээллийн редакциуд өөр, шинэ эх сурвалжаас тодруулах замаар тухайн эргэлзээтэй баримт материалыг шалгах нь уламжлалт сэтгүүлзүйн арга барилаа хэрэгжүүлж байгаа боловч, орчин үеийн дэвшилтэт арга барилыг ашиглах зайлшгүй шаарлагатай болоод байна. Саяхан Бразил улсад мэдээллийн бодит байдлыг шалган баталгаажуулах программыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү программ нь цахим орчин дахь хэрэглэгч ямар нэг мэдээлэл авахад түүнийг эх сурвалж нь баталгаагүй байх магадлалтай гэдэг сануулгыг өгөх үүрэгтэй. Мөн түүнчлэн Солонгосын технологийн их сургуулийнхан мэдээлэл баримтыг хянаж, нягталдаг өвөрмөц программыг зохион бүтээж, бэлэн болоход сүүлийн шатандаа байна. Тиймээс мэдээллийн урсгал хязгааргүй болсон энэ үед уламжлалт аргаар хянаж нягтлахад төдийлөн үр дүнд хүрэхгүй болсон учраас манай сэтгүүлчид ч энэ аргаар баримтыг нягтлах нь илүү үр дүнтэй.

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга, "Монгол, Солонгосын сэтгүүлчдийн байгууллага 2014 оноос найрсаг хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн. Энэ хүрээнд жил бүр 2 улсдаа ээлжлэн зөвхөн туршлага, мэдээлэл солилцдог байсан бол 2018 онд буюу найрсаг хамтын ажиллагаа эхэлсний 5 жилийн ойн хүрээнд МСНЭ-ийн салбар зөвлөл Солонгост байгуулагдан, албан ёсны ажлын байртай болсон. Чуулга уулзалтыг хоёр жил тутам зохион байгуулж байхыг баталгаажуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг энэ сарын 24-нд байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр чуулга уулзалтыг хоёр улсдаа ээлжлэн зохион байгуулна” гэлээ.

 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Б. Ариунтуяа




Холбоотой мэдээ