Үндсэн хуулийг хэлэлцэж, дипломатуудад хариуцлага тооцсон долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-23 13:21:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэе. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн, Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Монголд айлчилсан, Засгийн газраас зарим концессын гэрээг цуцаллаа. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техникийг улсын орлого болгох Засгийн газрын шийдвэр, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дипломат ажилтнууд гадаадад хар тамхины хэрэгт холбогдсон асуудалд арга хэмжээ авах байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэдээллийг сонссон нь олны анхаарлын төвд байлаа.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв


УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж дуусгав.



УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ сарын 6-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 13-нд хийж, дэмжсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын багаас асуулт асууж, хариулт авсан. Харин энэ сарын 18-ны чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм. Харин санал хураахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 61 буюу 98.4 хувь нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулган долоо хоног завсарлав. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, саналыг нь авах юм. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эхэлнэ.



Ш.Батхүүгийн 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ


"Эрдэнэт" үйлдвэрээс Стандарт банканд төлсөн 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн баримтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 19-нд сэтгүүлчдэд танилцуулав.



Сүүлийн үед “Стандарт” банканд “Эрдэнэт” үйлдвэрээс төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон, өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа эсэх асуудлыг цахим орчин, хэвлэл мэдээллээр ярих болсон. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий.  Мөнгө төлсөн баримтыг олон нийтэд ил болгоно” хэмээн мэдэгдсэн юм.



Үүний дараахан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг мэдээлэх үеэрээ тус баримтыг сэтгүүлчдэд үзүүлж, дэлгэрэнгүй тайлбарлав.


Тэрбээр, "Дөрөвдүгээр сарын 29-нд “Стандарт” банкнаас өр төлбөртэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хаагдсан гэсэн утгатай баримт, бичиг ирүүлсэн байна. Тэгэхээр одоо гадаад талд төлбөрийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Харин дотооддоо шийдэх буюу буруутай этгээдээр “Эрдэнэт” үйлдвэрт учирсан 40 сая ам.долларыг эргүүлэн төлүүлэх асуудал үлдсэн.  Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан. Одоо  Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгийг битүүмжилсэн. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Үүнээс гадна 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. АТГ-аас дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах, эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох асуудлыг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа Улсын дээл шүүх, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийж тэр үед гэрээг байгуулсан, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно” гэж мэдэгдлээ.  


Биокомбинатын технологийг шинэчлэхэд Унгар улс 57 сая ам.долларын зээл олгоно


Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто Монгол Улсад энэ сарын 20-нд айлчиллаа. Тэрбээр Улаанбаатар хотноо болсон “Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал”-д оролцсон юм. Дараагаар нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай өргөтгөсөн уулзалт хийв. Уулзалтаар Биокомбинатыг шинэчлэх төсөл болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан гэдгийг хоёр орны Гадаад харилцааны сайд нар мэдээлэв.



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж байна. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажилладгийн илрэл юм. Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Өнгөрсөн хугацаанд хоёр орон олон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байсан. Тухайлбал, Биокомбинатын технологийг шинэчлэх, бүтээгдэхүүнийг сайжруулахад зориулж Унгар улс 57 сая ам.долларын зээл олгох асуудал яригдаж байгаа. Үүнийг Унгар улс дэмжсэн. Өнөөдрийн уулзалтаар, Монгол Улсын экспортыг нэмэхийн тулд Унгар улстай хамтран ажиллах талаар ярилцлаа. Унгар улсад хүнс, хөдөө аж ахуйн технологи өндөр хөгжсөн. Тэгэхээр тус улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажилласнаар Монголд ажлын байр бий болгож, экспортыг төрөлжүүлж, уул уурхайгаас хэт хараат байдлаас салах боломж бүрдэх юм” гэлээ.


Түүнчлэн уулзалтаар боловсрол, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон байна. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 200 оюутан тус улсад суралцдаг. Энэхүү тэтгэлгээ цаашид тогтмол үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илэрхийлэв. 


Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто, “Унгар улс тероризмтой тэмцэхэд Монголтой хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Монгол Улсыг 2023 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэхэд дэмжих болно. Түүнчлэн Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхэд хамтран ажиллахад бид бэлэн байгаа. Үүний нэг жишээ нь, Биокомбинатыг шинэчлэхэд зориулж манай улсын 57 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох болсон. Одоо Монгол Улсын Их хурал зээлийн асуудлыг соёрхон баталсан тохиолдолд төсөл хэрэгжих боломжтой юм. Жил бүр 200 оюутан тэтгэлгээр сургах ажил цаашид тогтвортой үргэлжлэх болно” гэсэн юм.


Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техникийг улсын орлого болгоно



Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит хуралдаанаар хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.


Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна. Эдгээрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч л 95 зөвшөөрлийг цуцалжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг ХЗДХ-ийн сайд сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарт даалгав.


Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хийсэн мэдээллээс үзвэл, өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэсний 26 орчим хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарчээ. Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч осол гарсаар байна. Энэ онд гэхэд л “Эко Алтан Заамар”, “Пентатерра” компанид гарсан ослын улмаас таван хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Цаашид аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг БХБ-ын сайд Х.Баделханд үүрэг болголоо.


Мэргэжлийн хяналтын байгууллага боловсон хүчний хувьд хүрэлцээ муутай. Тухайлбал, улсын хэмжээнд байгаа 1500 гаруй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станц, агуулахад гурван байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн гурван байцаагч хяналт тавьдаг. Түүнчлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хяналтын 66 байцаагч л хяналт тавьдаг байна. Иймээс хяналт шалгалтын чадавх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, ирэх оноос улсын байцаагчийн орон тоог нэмэхээр шийдвэрлэв.


Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов



Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов.


Тодруулбал, тус газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр энэ сарын 6-нд томилсон. Тиймээс Б.Ганбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилж буй юм.


Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын дарга, 2018 оны 12 дугаар сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилласан.


Б.Ганбат төрийн албанд 23 жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13 жил ажилласан бөгөөд өнгөрсөн онд Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл болжээ. 


Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халав


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 19-ний  хуралдаанаар, дипломат ажилтнууд гадаадад хар тамхины хэрэгт холбогдсон асуудалд арга хэмжээ авах байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон холбогдох албаныхны мэдээллийг сонсов.



Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халжээ. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна гэдгийг Гадаад харилцааны сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон.


Дипломат төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн  албанд үргэлжлүүлэн ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөхөөр ажиллаж байгаа аж. Түүнчлэн хар тамхины хэргээр гадаадад саатуулагдан шалгагдсан гурван ажилтан байгаагаас хоёр нь халагдсан бөгөөд нэгийг нь шалгаж, хална гэдгийг хэллээ. Үүний зэрэгцээ эрх зүйн туслалцааны гэрээний дагуу Польшийн талаас манай эрх бүхий байгууллагад хандан лавлагаа авч байсан дээрх төрлийн хэрэг зөрчил үйлдсэн гэх хүмүүсийн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн УИХ-ын холбогдох Байнгын хороотой хамтран Гадаад харилцааны яамны нийт албан хаагчдын томилогдсон шийдвэрийг нягтлан шалгах ажлыг зохион байгуулна гэв.


Үргэлжлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, энэ сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас хоёр улсын эрх зүйн туслалцааны актын дагуу ирүүлсэн мөрдөн байцаагчийн даалгаврыг хүлээн авч, Монголд байгаа 70 иргэнтэй холбоотой асуудлыг тодотгох санал ирснийг судалж, Польш улсад албан ёсны хариу өгсөн. Одоо ГХЯ-наас ирүүлсэн 69 хүнд холбогдох асуудалд хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна гэдгийг цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал  мэдээлэлдээ онцолсон.


Зарим концессын гэрээг цуцаллаа


Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит хуралдаанаар, барих-шилжүүлэх нөхцөлтэй зарим концессын гэрээг цуцалсан бол, стратегийн чухал ач холбогдолтой концессын гэрээг барих-ашиглах-шилжүүлэх болгож өөрчилсөн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.



Тэрбээр, “Барих-шилжүүлэх буюу өрийн дарамт болохоор 20 гаруй концессын гэрээг өмнөх Засгийн газар хийсэн. Засгийн газрын хуралдаанаар стратегийн чухал ач холбогдолтой, зайлшгүй хэрэгжүүлэх концессын гэрээг авч үлдээд бусдыг нь цуцлах шийдвэр гаргалаа. Тухайлбал, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто зам барих концессын гэрээг цуцалсан. Мөн Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх сумыг холбох авто замын концессын гэрээг цуцаллаа. Түүнчлэн сургууль болон цэцэрлэгийн цогцолбор барих багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Цаашид концессын гэрээгээр ажиллаж буй гангийн үйлдвэр барих төсөл, Хөтлийн цемент, шохойны үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас дээрх үйлдвэрийн ажлыг судлах чиглэлийг Үндэсний хөгжлийн газарт өгсөн. Учир нь, тухайн үйлдвэр концессын гэрээний заалтаар биш, төмрийн хүдэр олборлох зэргээр өөр ажил эрхэлж байна гэж Засгийн газар үзэж байна.


Стратегийн ач холбогдолтой гэрээг цаашид үргэлжлүүлэн авч явах шийдвэр гаргасан. Тодруулбал, Говийн бүс нутгийн уул уурхайн төсөлд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замын төсөл зэрэг нь концессын гэрээгээр цааш үргэлжилнэ. Ингэхдээ ААН-үүдтэй хамтран ажиллах ч гэрээний нөхцөлийг барих-ашиглах-шилжүүлэх болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар санхүүжилт болон санхүүгийн батлан даалт гаргахгүй болно. ААН-үүд ч үүнийг зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Шаамар, Цагаан нуур, Зэлтэрийн боомтыг холбосон 120 км хатуу хучилттай замын концессын гэрээг мөн дээрх нөхцөлтэй ижил байхаар шийдвэрлэлээ. Засгийн газар цаашдаа барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээний санал авна. Одоогоор, ийм саналтай  таван концессын гэрээ байна. Бусад нөхцөлд барих-ашиглах концессын гэрээ хийхгүй байхаар тогтсон” гэв.


Концессын гэрээ байгуулсан ААН-үүд  ажлаа хийхгүй Монгол Улсын хөгжлийг хойш татаж буйг сайд мэдээлэлдээ онцолсон. Нөгөө талаар концесстой холбоотой, ААН-үүдэд өндөр шаардлага тавих эрх зүйн орчин дутмаг байгаа гэв. Тиймээс Засгийн газраас ажлын баг гарч, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах маягаар эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг тэрбээр хэллээ.

Холбоотой мэдээ