Шилдэг таван сурагч АНУ-ын Денвер хотод сурна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-25 15:02:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  


“Зориг сан”-гаас Улаанбаатар-Денвер эгч дүү хотын зөвлөлтэй хамтран энэхүү хөтөлбөрийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөрөөр бичил төсөл хэрэгжүүлж, ахлах ангийн сурагчдаас сонгон шалгаруулсан сурагчдыг найман сар төрөл бүрийн сэдвийн сургалтад хамруулдаг байна.

“Төсөлд хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явах гэж байна. Денвер хотоос таван сурагч, нэг багшийн хамт зургаадугаар сард 14 хоногийн хугацаатай Монгол Улсад сурагч солилцооны шугамаар зочлон ирээд байна” хэмээн “Зориг сан”-гийн ажилтан Б.Гэрэлмаа танилцууллаа.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Сурагч солилцооны хөтөлбөрөөр Денвер хот руу явах гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Илүү их зүйлийг сурч, мэдэж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн манай улсад хүрэлцэн ирсэн Денвер хотын хүүхдүүддээ ч сурч мэдэх үйлсэд нь амжилт хүсэж байна” хэмээв

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд сурагч солилцооны хөтөлбөрт Монголоос 76 багш, сурагч хамрагдсан байна. Энэ жилийн хөтөлбөрийн шинэчлэл болон давуу тал нь өргөдөл авах дүрмээ өөрчилснөөр, зөвхөн гэрээгээр хамтарч ажилладаг цөөн тооны сургуулиас бус нийслэлийн бүх сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдыг хамруулдаг болсон аж.

Дашрамд мэдээлэхэд, Денвер хот Улаанбаатар хоттой 2001 онд албан ёсоор эгч дүүсийн харилцаа тогтоосноос хойш соёл урлаг, бизнес боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг тууштай дэмжиж ирсэн юм. 


Холбоотой мэдээ