"Хүнсний 20"-ын нүхэн гарцыг 31 жилийн дараа засав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-26 10:57:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байдаг хуучнаар "Хүнсний 20" дэлгүүрийн урд талын нүхэн гарцыг шинэчлэн засаж дуусав.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд хийсэн байна.

 Анх 1988 онд Авто замын ерөнхий газрын харьяа Гүүр барилгын контор энэхүү нүхэн гарцыг барьж байжээ. Түүнээс хойш засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй нүхэн гарцад иргэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшил хамтран нийт 130 орчим сая төгрөгөөр засварлаж, иргэд, явган зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, "2015 онд уг нүхэн гарцыг Сүхбаатар дүүргийн тамгын газарт 870 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий үндсэн хөрөнгөөр шилжүүлсэн. Гэвч ашиг, орлогогүйн улмаас зардлаа дийлэхгүй байна гээд эзэнгүйдүүлсэн байсан. Нийслэлийн өмчийн харьцааны газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, хөрөнгө оруулсан "Элит" констракшны гурвалсан гэрээний үндсэн дээр ашиглалт засвар үйлчилгээг нь хамтран хариуцахаар боллоо. Гадна болон дотор талын зар сурталчилгааны орлогоор цэвэрлэгээ үйлчилгээг зохицуулна. Өмнөх шиг худалдаа үйлчилгээний мухлаг, хувь хүмүүсийн наймаа хийх газаргүй, зөвхөн хүн зорчих зориулалттай. Улаанбаатар хотод зам дагуух нүхэн гарц гурав байдаг бөгөөд үлдсэн хоёрыг нь ч мөн засварлах судалгаа хийнэ” хэмээв.


Шатны орц гарцад шинэ бүхээг хийж, нүхэн гарцын дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулжээ. Мөн дээврийн ус нэвчихийг зогсоон, цахилгааны монтажыг иж бүрэн шинэчлэн, дөрвөн камер тавьж, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулсан байна. Цаашид камерыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хянах аж.


Холбоотой мэдээ