Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-27 14:13:47

Завхан /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймгийн Улиастай суманд тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэд, сонгогчдын саналыг сонслоо.

Энэхүү уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Уулзалтад Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут гэхчлэн 11 сумын иргэд оролцжээ.

Тэрээр энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар, УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг тус бүрд нь танилцуулжээ. Мөн шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тус бүрд нь танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, нэмэлт тайлбарыг өгчээ.

Уулзалтад оролцогчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ их хурлын гишүүнд нээлттэй илэрхийлэв. 

Тухайлбал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд намын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар Үндсэн хуулийн төсөлд тусгах шаардлагагүй. Шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхлэх насны тоог урагшлуулах. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх гишүүн "давхар дээл"-гүй байхаар тусгахыг санал болгов. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямарваа нэг хууль зөрчихгүй шударга болж, олон нийтийн оновчтой санал бодлыг бүрэн тусгаж, улмаар иргэд олон нийтийн санал асуулгаар дэмжлэг авах, алдаа мадаггүй батлагдах нь монгол төрийн эрхэм зорилго гэдгийг албаныхан энэ үеэр онцлов хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн Завхан аймаг дахь ажлын албанаас мэдээлэв.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 06-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн аж. Мөн УИХ-ын гишүүн Я.Санжмятав Завхан аймгийнхаа тойргийн сонгогч, иргэдэд 6-р сарын 25-ны өдөр Улиастайд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, саналыг нь сонссон байна.

Холбоотой мэдээ