УДБЭТ Б.Шаравт хүндэтгэл илэрхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-27 14:02:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид  “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравт хүндэтгэл илэрхийлэхээр болсон байна.  Өөрөөр хэлбэл, УДБЭТ 56 дахь зуны улирлын тоглолтоо энэ сарын 29-нд  тоглох "Чингис хаан" дууриар хаах аж.

Б.Шаравын хоёр бүлэг, зургаан үзэгдэлт тус дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа тоглож байжээ. Дуурийн цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч бичсэн юм. Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлсэн энэ дуурьт Тэмүүжиний бага насны өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсээр Өүлэн эхийнхээ сургаалаар  мохошгүй тэмцэж,  Их Монгол гүрнээ байгуулж, Хамаг Монгол Улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан тухай баатарлагаар өгүүлнэ.


“Чингис хаан” дуурийн анхны удирдаачаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байв. Харин энэ удаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаачаар Н.Туулайхүү ажиллах юм байна.

Холбоотой мэдээ