Ховд аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өрнөж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-27 14:59:17

Ховд /МОНЦАМЭ/.  Цусны даралт  ихсэлтийн эсрэг аяны нээлт өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.

Хаан банк, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран энэхүү  аяныг  гурав дахь  жилдээ зохион байгуулж байгаагаараа онцлогтой.  

Ховд аймаг нь зүрх судасны тогтолцооны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэх, зүрхний шигдээсийн өвчлөлөөр улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна.

Тодруулбал, өнгөрсөн 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд зүрх судасны өвчлөлийн 63.9 хувийг цусны даралт ихсэлт  эзэлж байгаа юм. Тиймээс энэ төрлийн өвчлөлийг бууруулах, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд нээлттэй хамруулах зорилгоор тус аяныг хэрэгжүүлж байна.  

Энэ удаагийн аяны хүрээнд улсын гуравдугаар эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэгээр ахлуулсан 10 гаруй эмчХовд аймгийн БОЭТ-ийн 20 эмч, 20 сувилагч, тусгай мэргэжилтэн хамтран 5-6 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж, газар дээр нь зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.

Өнгөрсөн 2018 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаанд  амьсгалын зам, хоол боловсруулах, зүрх судас, шээс бэлгийн тогтолцооны өвчин болон бусад өвчин ногдож байна. Цусны даралт өндөр байх нь бусад өвчний суурь болдог. Өөрөөр хэлбэл, энэ нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр ажээ.

Түүнчлэн энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хүн амд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, таргалалт, зохисгүй хооллолт, уур бухимдал  зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, улмаар даралтаа байнга хянаж хэвших, өөх тос, давсны хэрэглээнд анхаарах, дасгал хөдөлгөөн хийж, архи тамхинаас татгалзах хэрэгтэй гэж эмч нар уриаллаа. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралт бууруулахад тустай, цаашлаад  хүндрэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэнэ.

 





Холбоотой мэдээ