Алсын хараа-25 “Z” үеийнхэн хүүхдийн уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-28 21:19:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алсын хараа-25 “Z” үеийнхэн хүүхдийн уулзалтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар өнөөдөр Монголын  хүүхдийн ордонд зохион байгууллаа. 

Нийслэлийн 9 дүүргийн 500 орчим хүүхэд, өсвөр үеийнхэн  уулзалтад оролцлоо. Уулзалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна. Мэдээлэл технологийн эрин үед "Z generation" гэж нэрлэгдээд буй мэдээллийн зууны өсвөр үеийнхний  дуу хоолойг сонсох, 25 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр судалгаа хийх, өсвөр үеийнхний оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг нь шийдвэрлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт тусгах зорилготой энэ уулзалтыг хийж байна.

“Лидер сурагч” академийн тэргүүн  О.Энхнаран:

-          -Ирээдүйн 25 жилийн дараах нийгмийг одоогийн залуус бид бүтээнэ. Харин төр засгаас  бидний хэрэгжүүлэх гэж буй төсөл санал санаачилгыг дэмждэг, бидний үгийг сонсдог,  хүсэл мөрөөдлийг минь ойлгодог байх юм бол, бид хүссэн ирээдүйгээ бүтээх боломжтой. Бидний хүссэн ирээдүй хүн чанараараа өрсөлддөг нийгэм байх болов уу? Хэн нэгэндээ үргэлж туслахыг хүсдэг, бие биетэйгээ хамт хөгжихийг хүсдэг, нэг нэгэндээ хөгжлийг үнэ төлбөргүй түгээдэг нийгэм байгаасай гэж хүсэж байна. Тэнгэр баганадсан барилгуудаас хөгжлийг дүгнэх боломжгүй. Өндөр хөгжилтэй орны бүх хүн авьяас чадвартай гэж хэлэх аргагүй. Гадаадын залуус арван жилийн боловсролын системээс амьдрах ухаанаа олоод авчихдаг. Яаж мөнгөө хадгалах вэ, хэрхэн хувь хүний хөгжлөө бий болгох  вэ гэдгийг эртнээс мэддэг болсон байдаг. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бидэнд маш дутмаг. Энэ нөхцөл бололцоог хангаж өгвөл залуусын хөгжилд маш том дэмжлэг болно гэж итгэж байна.

Нийслэлийн Хүүхдийн холбооны тэргүүн А. Амаржин:

-Хүүхдийн оролцоог үр өгөөжтэй болгож, хүүхдэд ээлтэй арга замыг сонгохын тулд хүүхдийг өөрийг нь чадавхжуулах шаардлагатай байна. Иймд төр засгийн оролцоо дэмжлэггүйгээр бид өсөн дэвжих боломжгүй. Өсвөр үеийнхний хувьд, хамгийн эхэнд мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай болдог. Үүний дараа нийгэмдээ хувь нэмэр оруулах, улс орныхоо хөгжлийн түвшинг тодорхойлох үүрэг бидний өмнө тулгардаг. Ирээдүйн улс орныхоо хөгжлийн түвшинг дэлхийн улс орны жишигт нийцсэн, иргэд олон нийтэд амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, залуучуудаа дэмждэг, гэр бүлийн тогтвортой байдлыг хангасан байгаасай гэж бидний үеийнхэн  хүсэж байна.


Холбоотой мэдээ