Энэ онд 30 сургуулийн барилга ашиглалтад оруулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-28 17:00:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны хөтөлбөрт нийслэлд 3 ээлжээр хичээллэж буй төрийн өмчийн сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэх, төрийн өмчийн цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгтэй болгох зорилт тусгаж хэрэгжүүлэхээр баталсан.


НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлд 2020 он гэхэд 50 сургууль, 60 цэцэрлэг барихаар төлөвлөөд буй.

2016-2019 оны эхний хагас жилийн байдлаар, нийт 17 сургуулийн барилга, өргөтгөл, 48 цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулаад байна. Харин 2019 оны сүүлийн хагас жилд нэмж 30 сургуулийн барилга өргөтгөлийг ашиглалтад оруулан суудлын тоог 15 500-аар, 73 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Харин 2020 онд 24 сургуулийн барилга, өргөтгөл, 18 цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд 2018-2019 онд он дамжин хэрэгжүүлж буй 46 цэцэрлэгийн барилга угсралтын ажлын явц 47 хувьтай, 32 сургуулийн барилгын явц 44 хувьтай байна. Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 30 цэцэрлэг, 8 сургууль, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 насан туршийн боловсролын төв, 4 спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих хөрөнгө баталсан гэж нийслэлийн Боловсролын газар мэдээлэв.

Холбоотой мэдээ