Нийслэлийн шинэ гүүрний ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих төсөл хэрэгжүүлж байна.
“Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төслийн
хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр
Олимпын гудамж руу буух гүүрэн зам тавьснаар төмөр замаар тусгаарласан хотын
төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол
замын сүлжээг бий болгох юм. Мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангах, замын
хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч
тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг үр
ашигтай юм.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны
хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд Олимпын
гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай,
төмөрбетон гүүр барьж үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1077 метрийн урт
гүүр ба налуу замууд, Их Монгол Улсын гудамж, Олимпын гудамжийг өргөтгөж
шинэчлэх ажил хийж байна.
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын
гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпорац” ажиллаж байна.
Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчин 9 дүгээр
сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа аж. Одоогоор нийт ажлын явц 65 хувьтай байна гэж нийслэлийн
Авто замын хөгжлийн төв мэдээллээ.