Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-03 08:29:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн  байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын багийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, дэд ажлын багийн гишүүд оролцов.


Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,  Үндсэн хуулийн үг бүр утга, агуулга илэрхийлдэг учир төслийн зүйл, заалтын үг, найруулгыг Үндсэн хуульд нийцүүлэн бичих шаардлагатай гэдгийг анхааруулж байлаа. Мөн тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн улстөрийн мэргэшилтэй байна гэснийг хассан шалтгааныг лавлаж байлаа. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, тойргийн сонгогчидтойгоо хийсэн уулзалтаар баг, хорооны Засаг даргыг сонгодог зарчмыг иргэд дэмжсэн гэдгийг онцлов.


Үндсэн хуулийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан хариултдаа, 2016 оны Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 15 эрдэмтний бүрэлдэхүүнтэй баг 7 аймгаар явж уулзалт, судалгаа хийсэн. Уг судалгаагаар баг, хорооны Засаг даргыг сонгох нь буруу гэж судалгаанд оролцсон иргэдийн 70 хувь нь үзсэн гэдгийг онцлов.


Дэд ажлын багийн гишүүн, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн, улстөрийн өндөр мэргэшилтэй гэж заасан байдаг ч хууль зүйн мэргэжлийн бус хүмүүсийг олноор томилсноор цэцийн тайлбарын үндэслэл муу, дулимаг гардаг. Иймд Үндсэн хуулийн түвшний улс төрийн харилцааг ойлгодог, хууль зүйн өндөр мэргэжлийн тайлбар гаргах гэдэг агуулгаар төслийн заалтыг оруулж ирсэн гэв.


Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 19.1 буюу “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна", 28.3 буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэснийг тус тус хасах санал гаргасныг олонх дэмжсэнгүй.


Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар төслийн 6.2-т заалтын “зарчмыг баримтална” гэсний дараа “стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна” гэсэн өгүүлбэр нэмэх саналыг олонхын дэмжлэг авсангүй.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  "баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэснийг хасаж, одоогийнхоор нь үлдээх санал гаргасан ч мөн л дэмжсэнгүй. Ийнхүү санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 

Холбоотой мэдээ