Амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн гэр бүлд туслах аян өрнүүлж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-05 09:48:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын усанд живсэн эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал энэ сарын 2-ны өдөр гарсан. Тус газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөл талийгаачийн ар гэрт туслах "Халуун сэтгэл аян"-ыг  өчигдрөөс өрнүүлж эхэлсэн байна.

"Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан дүүсийн эв нэгдлийн бэлгэдэл болсон баатарлаг хүү албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн ард эхнэр, хоёр настай хүү, төрөөд 16 хонож байгаа охин нь үлдсэн. Бид ханийгаа алдаж гашуун зовлонд унасан нялх биетэй бүсгүй болон аавыгаа хүлээх бяцхан үрсэд сэтгэлийн дэм үзүүлэх үүднээс энэхүү аяныг өрнүүлээд байна. Тухайн гэр бүлийг нэг өрөө байртай болгох эрмэлзэлтэй байгаа. Эхнэр нь одоо Алтай суманд байгаа бөгөөд өнөөдөр очиж нөхцөл байдалтай нь танилцана. Мөн орой аймгийн төв талбайд 1000 зул өргөх ёслол зохион байгуулна" гэдгийг зөвлөлийн тэргүүн Ч.Өлзийтунгалаг хэллээ.  

Одоогоор хандивын дансанд нэг сая төгрөг цугларсан бөгөөд орон нутгийн иргэд аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байгаа ажээ.

Хандивын данс: Хаан банк - 5197212141

Лавлах утас: 99511539, 99500577, 95425510

Холбоотой мэдээ