Тутанхамоны толгойн баримлыг үнэ хаялцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-07-05 13:07:47

ЛОНДОН. /BBC/. Дуудлага худалдааны “Christie's” ордон Их Британийн нийслэл Лондон хотод пүрэв гарагт дуудлага худалдаа зохион байгуулж, Египетийн фараон Тутанхамоны чулуугаар урласан толгойн баримлыг үнэ хаялцуулжээ.


Нэрээ нууцалсан худалдан авагч уг баримлыг 4 сая 746 мянган фунт стерлинг буюу 5.97 сая ам.доллароор худалдан авсан байна.


Египетийн эрх баригчид гадаадын археологичдын урьд өмнө илрүүлж, тус улсаас хууль бусаар гаргасан олдворуудыг буцаан өгөхийг эртнээс шаардаж байгаа юм. Энэ шалтгаанаар дуудлага худалдааны үеэр “Christie's” ордны албан газрын ойролцоо 20 гаруй хүн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд “Египетийн түүхийг зарахгүй” гэсэн бичиг бүхий зурагт хуудсуудыг барьсан байжээ.


Нарны бурхан Амоны дүрээс бүтээсэн залуу Тутанхамоны толгойн баримал нь нэгэн хувийн цуглуулагчийн цуглуулгад байсан бөгөөд 1985 оноос хойш дуудлага худалдаанд тавиагүй байна. 


Тутанхамон МЭӨ 1332-1323 онд Египетийг захирч байжээ. Англичууд болох Ховард Картер, Герберт Карнарвон нарыг 1922 онд илрүүлэх хүртэл түүний бунхан тоногдоогүй, бүрэн бүтнээрээ хадгалагдаастай байсан байна. Тутанхамоны бунхан XX зууны археологийн томоохон олдворуудын нэгд тооцогддог билээ. 



Холбоотой мэдээ