Б.Баасанжаргал “Универсиад”-аас хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-06 13:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн Наполи хотноо болж буй, оюутны спортын зуны “Универсиад” наадмын жүдо бөхийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Баасанжаргал хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэй 57, 63 кг-ын жингийн барилдаан болсон юм. 


Универсиад наадмын жүдо бөхийн төрөлд нийт 55 улсын эрэгтэй 203,  эмэгтэй 163 тамирчин өрсөлдөж байгаа юм.  


Универсиад наадмын жүдо бөхийн барилдаанд хүчээ сорьсон манай жүдочдын барилдааныг тоймлоход, 73 кг-д 2019 оны Ази-Номхон далайн орнуудын аварга “Империал Гоулд Майнинг” компани, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар шагналт тавдугаар байр эзэллээ. Тэрбээр С хэсэгт тэгштгэлийн барилдаанд Унгарын Мартин Вегвариг 3:09 минутад цэвэр, хоёрдугаар тойрогтоо Германы Лукаш Веннеколдыг вазари үнэлгээгээр ялж яваад барилдааны сүүлийн мөчид цэвэр буулгажээ. Улмаар манай бөх Португалын Жоао Фернандог нэмэлт цагт вазаригаар ялж, шилдэг наймд шалгараад хэсгийн аваргын төлөө өсвөр үеийн ДАШТ-ий хүрэлтэй Японы Хидеюүки Ишигокаг вазаригаар буулгаж авсан байна. Гэвч манай тамирчин хагас шигшээд “Баку-2019” дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Хедаят Хейдаровт торгуулиар ялагдсан байна. Мөн хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Ким Чол-Гванд 3:18 минутад цэвэр ялагджээ.

Мөн 81 кг-д 2019 оны оюутны улсын аварга Б.Гаажадамба Ром болон Мадридын Европын нээлттэй тэмцээний аварга ОХУ-ын Абас Азизовтой барилдаж, 2:15 минутад цэвэр ялагджээ. Түүнийг ялсан А.Азизов хэсгээ тэргүүлсэн тул манай бөхөд дагах барилдаан хийх боломж гарсан. Манай бөх торгуульд Недерландын Жим Хэйжманыг вазаригаар ялсан ч Латвийн Никита Дуйновст 3:08 минутад цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгав.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Алтанцэцэг эхний тойрогтоо гоц мөргөөд шилдэг наймд шалгарахын төлөө Казахстаны Ахмарал Ерназарыг 3:29 минутад цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө Украины Мария Скорад даралтаар цэвэр ялагджээ. Улмаар торгуульд  манай бөх Парисын “Их дуулга” тэмцээний хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Жи Сүд цэвэр ялагдаж үзэгчдийн суудалд шилжлээ.


Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин Баярбатын Баасанжаргал зуны Универсиад наадмын эхний медалийг хүртэж Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан. Тэрбээр Румын улсын Аделина Стефания Добрег 1:43 минутад цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогтоо алтан медаль хүртсэн Японы Нана Котад 1:20 минутад цэвэр ялагдсан. Гэвч манай бөх дагах барилдаанууддаа Макаогийн Тан Лай Манийг 9 секундэд цэвэр ялж, улмаар дараагийн тойрогт Францын Ясмин Хорлавилле татамид гараагүй учраас манай бөхөд ялалт авлаа. Харин дараагийн даваанд Украины Анастасия Антипинаг 52 секундэд цэвэр ялж, хүрэл медалийн төлөө Чехийн Рената Зачоваг вазаригаар ялж, Универсиад наадмаас хүрэл медаль хүртлээ.

Холбоотой мэдээ