Манай боксчдыг “Токио-2020” олимпын өмнө олон тулаан хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-06 15:16:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын үндэсний шигшээ багийг энэ онд 7 том тэмцээн хүлээж байгаа бөгөөд 2020 оны 1-5 дугаар сард “Токио-2020” олимпын эрхийн төлөөх тэмцээнүүд болно.


Энэ зуны хувьд, хэд хэдэн том тэмцээнд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Тухайлбал, энэ сард Казакстан улсын Ерөнхийлөгчийн цомын тэмцээн /5 тамирчин 2 дасгалжуулагч/ наадмын дараахан  байгаа бол долоодугаар сарын 18-28-нд Тайланд улсын Бангкок хотноо “THAI OPEN” Олон улсын тэмцээнд 12 тамирчин 2 дасгалжуулагчтай оролцоно.


Мөн энэ сарын 19-28-нд Япон улсын Шимада хотноо Залуучуудын шигшээ баг Япон улсын залуучуудын шигшээ багтай хамтарсан бэлтгэлтэй бөгөөд 12 тамирчин 3 дасгалжуулагч оролцоно. Улмаар долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 4-нд ОХУ-ын Махачкала хотноо “UMAKHANOV” олон улсын тэмцээнд Хангарьд клубийн 7 тамирчин 1 дасгалжуулагч, 1 шүүгч, үндэсний шигшээ багаас 4 тамирчин 2 дасгалжуулагч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүч, ур чадвараа сорино.


ОХУ-ын Екатеринбург хотноо 2019 оны есдүгээр сарын 6-22-нд эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ хүлээж байгаа бөгөөд шинэ 8 жингээр шилдгүүдийг тодруулна. Ирэх 10 дугаар сарын 1-14-нд ОХУ-ын Улаан-Үд хотноо эмэгтэй насанд хүрэгчдийн ДАШТ-ийг олимпын 5 жин, олимпын бус 5 жингээр зохион байгуулж аваргуудаа шалгаруулна.


Харин 2019 оны 11 дүгээр сарын 8-18-нд Улаанбаатар хотноо Ази тивийн залуучуудын эрэгтэй, эмэгтэй боксчдын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын боксын холбоо зохион байгуулах юм. Ингээд олимпын жил 2020 оны 1-5 дугаар сард олимпын эрх авах тэмцээнүүд манай боксчдыг хүлээж байна. 

Холбоотой мэдээ