Шилэн дансны журмыг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Иргэд төсвөө хянана” нийгмийн байгууллагуудын сүлжээнээс өнгөрсөн оны үйл ажиллагаагаа танилцуулж, төсвийн ил тод, нээлттэй байдлын тоймыг танилцуулав.
“Ил тод байдал сан” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнжав хэлэхдээ, ЖДҮХС-гийн үйл ажиллагааг тус сангийг тойрсон шуугианаас өмнө хянаснаа мэдэгдээд, зээл олголттой холбоотой үйл ажиллагаа анхнаасаа ил тод, нээлттэй байдлыг хангаагүй байсныг тэмдэглэж байв. Тэрбээр, “ЖДҮХС-гийн дүрэм журам муу биш. Гагцхүү түүнийгээ дагахгүй, үйл ажиллагаа явуулж буй процедур тодорхойгүй, хангалтгүй байсан. Тухайлбал, зээл олгохзараа олон нийтэд хүргэдэггүй, зээл хүссэн болон авч буй этгээдийн зөвхөн компанийн нэрийг жагсааснаас өөр тодорхой нарийн мэдээлэл байдаггүй зэрэг зөрчлөөс болж ашиг сонирхлын шугамаар зээл олголт хавтгайрсан. Бусад орны ийм төрлийн сангууд өөрийн архив, түүхтэй байхад манайд байхгүй. Өнөөдөр ЖДҮХС-гийн журам сайн тал руугаа өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа. Өмнөх алдаа, дутагдалд ямар хариуцлага тооцсон талаар өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэлгүй байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.
Хэлэлцүүлэгт оролцсон “Хөгжлийн
хэлхээ” ТББ-ын төлөөлөл А.Долгор, “Өрхийн үйлдвэрлэлийн ЖДҮ эрхлэгч
эмэгтэйчүүдэд сангийн шугамаар 3 сая төгрөгийн зээл өгөх ёстой. Гэвч ердөө нэг сая төгрөгийн зээл өгдөг" хэмээн ЖДҮХС-гийн зээл хүртээмжгүй байгааг хэлж байв.
Төрийн байгууллагуудын
шилэн дансны талаар ТББ-ын төлөөллүүд хэлэхдээ, “2011 онд баталж, 2015 оноос
хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хууль ил тод байдлын нүүр царай болж,
нийгэмд нөлөөлөхөөр сайхан санаачилга болсон хэдий ч мэдээлэл нь хагас дутуу, мэдээллийг
эрж хайж олж авахад төвөгтэй байгаа”-г хэлж олон нийтэд зориулсан байдлаар
шинэчлэх цаг болсон гэдгийг онцолж байв.
Хэлэлцүүлэгт оролцсон Сангийн яамны Төрийн сангийн мэргэжилтэн В.Рэнцэнханд, ТББ-уудын төлөөллийн хэлж буйтай санал нэг байгаагаа хэлж, “Шилэн дансны мэдээллийг төрийн зарим байгууллага гараар шивж оруулдаг, алдаа гардаг, уддаг байдал саяхныг хүртэл гарч байсан. Эдгээрийг өөрчилж, шилэн дансны мэдээллийг хялбар, шуурхай, иргэдэд ээлтэй, бүрэн байхаар шинэчлэх ажлын баг ажиллаж байна” гэв.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Дэлхийн банк, Сангийн яам, "Татварын иргэний хяналт", "Үнэн хатамж" зэрэг ТББ-ын төлөөлөл оролцлоо.
Б.Болд