Калифорнийн газар хөдлөлт элсэн цөлд хагарал үүсгэжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-07-10 10:06:11

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Калифорни муж улсад сүүлийн 20 жил бүртгэгдээгүй хүчтэй газар хөдөлсний улмаас элсэн цөлд сансраас харагдахуйц хэмжээний хагарал үүсжээ.


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Рижкрест тосгоны ойролцоо болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт 0.9 километрын гүнд байсан юм. Уг байгалийн гамшигт үзэгдэл Лос-Анжелес хотоос зүүн хойд зүгт 240 километр зайд оршдог элсэн цөлд хагарал үүсгэсэн байна.


Үүний зэрэгцээ газар хөдлөлтийн чичирхийлэл 560 гаруй километр зайтай Аризона муж улсын Финикс хотод мэдрэгджээ. Уг газар хөдлөлт болохоос нэг хоногийн өмнө 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт дээрхтэй ойролцоо газарт болсон билээ.


Хүчтэй газар хөдлөлтүүдийн улмаас хэн нэгэн хүний амь нас эрсдээгүй хэдий ч олон хүн хөнгөн гэмтэж, байшин барилга сүйдэж, усны хоолой, замууд эвдэрсэн байна.


Элсэн цөлд үүссэн хагарлыг “Planet Labs” судалгааны төвийн гэрэл зургуудын тусламжтайгаар тогтоосон бөгөөд газар хөдлөлтийн голомтоос холгүй оршдог Риджкрест тосгоны ойролцоо үүссэн байжээ. 




Холбоотой мэдээ