Үхсэн бугуудын ходоодноос олон тооны гялгар уут гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-10 13:32:24

ТОКИО. /Kyodo/. Японы баруун нутгийн Нара мужийн "Нара" цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн гуравдугаар сараас хойш үхсэн бугуудын ходоодноос олон тооны гялгар уут гарсантай холбогдуулан мужийн засаг захиргаа цаашид амьтдыг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ.


Нара мужийн Буга хамгаалах сангийн мэдээлснээр, гялгар уут залгисны улмаас цэцэрлэгт хүрээлэнгийн 14 буганы 9 нь үхсэн ажээ. Тэдний ходоодоос хуванцар хаягдал, зуушны сав зэрэг олон төрлийн хаягдал гарсан бөгөөд хамгийн хүнд нь 4.3 килограмм байжээ. Бугууд уут болон савнуудад хоол байгааг үнэрээр нь мэдэж улмаар савлагааг санамсаргүй иддэг хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.


Бугуудыг ойролцоох дэлгүүрүүдэд худалдаалдаг гялгар уутгүй, шингэц сайтай, чихэргүй бүтээгдэхүүнээр хооллохыг аялагч, жуулчдад зөвшөөрдөг боловч зарим жуулчин буганд бусад төрлийн хүнс өгөх тохиолдол гардаг ажээ.


Хивэгч амьтдын төрөл зүйлд багтдаг, өвсөөр голчлон хооллодог буга нь дөрвөн хэлтэст ходоодтой байдаг бөгөөд эхний хэлтэс шингэцгүй бүтээгдэхүүнээр дүүрсэн тохиолдолд боловсруулж чадалгүй үхэхэд хүрдэг байна. Түүнчлэн олон буга үхсэн нь хоол тэжээлийн дутагдалд орсон, дархлааны систем суларсан хийгээд өөр бусад хүчин зүйлтэй холбоотой байж магадгүй ажээ.


Нара мужийн засаг захиргаа нөхцөл байдлыг мөрдөн шалгаж, бугуудыг янз бүрийн хүнсээр хооллохгүй байхыг сайтар анхааруулж, илүү олон самбар байршуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн Буга хамгаалах сангийн гишүүд тогтмол эргүүлд гарахаар болсон байна. 

Холбоотой мэдээ