Тод манлай уяач О.Батбилэгийн халзан азарга түрүү магнайд хурдаллаа

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.mn
2019-07-11 11:44:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 168 азарга мордсоноос Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан үрээ түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ. 



Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, уяач Н.Баттөмөрийн сартай хонгор, айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач П.Мөнхтулгын бор азарга хурдлав. Харин айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.


Түрүү магнайн унаач хүүхдийн дугаар 519, аман хүзүүн унаач хүүхдийн дугаар 447, айргийн гурав унаач хүүхдийн дугаар 881.


Өнөөдөр 14.00 цагт Их насны морьдын уралдаан эхэлнэ. Харин маргааш 07.00 цагт Соёолон, 10.30 цагт Даага уралдана. 


Дашрамд дурдахад, Ноднин Үндэсний их баяр наадмаар, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хурдалсан бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга аман хүзүүдэж байв.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ