1999 оны төгсөгчид нийгэм рүү чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Тус аймагт 1999 онд 10 жилийн дунд сургууль төгсөгчдийн 20 жилийн ойн баяр өнөөдөр Улаангом хотноо болж байна. Увс аймагт 1999 онд 800 гаруй хүүхэд 10-р анги төгссөн байна. Нийт төгсөгчдийн зүгээс “Цэнхэр хязгаар” ТББ-ыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийгэм рүү хандсан олон ажлыг хийж хэрэгжүүлсээр байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард 10 жилийн 1-р
сургуулийн төгсөгчид математикийн олимпиадыг зохион байгуулахад 200 гаруй
сурагч хамрагдсан бол 3-р сард Баруунтуруун сумын төгсөгчид Увс аймгийн нийт
төгсөгчдийн дунд спортын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.
Тэрчлэн 10 жилийн 2-р сургууль төгсөгчид өнгөрсөн 4-р сард орос, англи хэлний олимпиадыг Улаангом
хотноо зохион явуулж, түрүүлсэн хүүхдүүдийг Монгол Улсын их сургуульд урилгаар
элсэн орох эрхээр шагнасан юм.
Тэгвэл 1999 оны төгсөгчид 20 жилийнхээ ойн баярын энэ өдөр Увс аймгийнхаа хүн
ардын эрүүл мэндэд хувь нэмэр оруулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Эмгэг
нярайн өрөөг 15 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулан өгч байна. Мөн Гиваан
баатарын талбайд 6 сая төгрөгөөр “I love Ulaangom” бүтээлийг урлаж, Улаангом хотын удирдлагуудад албан ёсоор хүлээлгэн
өглөө. Энэхүү бүтээлийг Улаангом политехник коллежийн Гагнуурын багш Б.Дашнамжил шавь нарынхаа хамтаар урлажээ.
Төгсөлтийн баярын 20 жилийн ойн үйл ажиллагаа Улаангомоос
10-аад км-т байрлах Тээл паркад үргэлжилж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө.