Үйлдвэрлэгчид бизнесийн төсөл боловсруулах чадвар эзэмшлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-20 21:39:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ЗДТГ-аас "Дундговь-Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ" ТББ-тай хамтран Сум хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлтэй хувиараа бизнес эрхлэгч иргэдэд бизнесийн төсөл боловсруулах мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтад 12 бизнес эрхлэгч оролцож, бизнесийн анхан шатны мэдлэгтэй болж, бизнесээ хөгжүүлэх хэрэгцээ, зорилго, зорилтоо тодорхойлох, маркетингийн болон санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, ашиг алдагдал, хөрөнгө оруулалтаа тооцох зэрэг сэдвээр  мэдээлэл авч, өөрийн бизнесийн хэрэгцээнд тулгуурлан дадлага ажил хийх арга зүйд суралцав.

Сургалтад оёдол, арьс нэхий, сур элдэх, хөхүүр хийх, шүдний эмнэлэг өргөжүүлэх, сүү цагаан идээ боловсруулах, үсчин, гоо сайхан, хүнсний ногоо, үстэй дээлний дотор оёдлын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид  оролцсон юм.

Тус сум өнгөрсөн хавар “Малчдын зөвлөгөөн” зохион байгуулж айргаа зөвхөн хөхүүрэнд исгэх санаачилга гаргаж, цагаан идээгээрээ тэргүүлэх зорилт тавьжээ.

Тиймээс энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид сургалтад түлхүү хамрагдсан байна. Говь-Угтаал сум 2011 оноос хойш 82 зээлдэгчид 423,1 сая төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн байдлаар 15 зээлдэгч 40 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ