Энэтхэгт үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-22 11:46:34

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт хүчтэй аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орж, үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан хүний тоо 169 хүрсэн байна.


12 дүүрэг нь үерт автсан Бихар мужид 102 хүн амиа алдсан бөгөөд Ситамархи дүүрэгт хамгийн олон буюу 27 хүн амь эрсэджээ. Энэтхэгийн Цаг уурын газрын сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд нийт 7.27 сая хүн үерийн гамшигт нэрвэгдсэнээс үерт бүх эд хөрөнгөө алдсан 115 мянга орчим хүн түр хоргодох байрнуудад амьдарч байгаа ажээ.


Зүүн хойд нутгийн Ассам мужийн нөхцөл байдал мөн хүнд байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор амиа алдсан хүмүүсийн тоо 5-аар нэмэгдэж, 67 хүрсэн байна. Тус мужийн 18 дүүрэг үерт автжээ. Түүнчлэн Ассам мужийн дундуур урсдаг Брахмапутра голын түвшин аюултай хэмжээнд хүрсэн байна.


Энэтхэгийн цэргийн хүчин үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад эмч нарын ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тэд халдварт өвчнүүдийн тархалтыг бууруулахаар ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ