“Боржигон-2019” наадамд Дундговийн зүүн сумд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-22 22:41:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 27-28-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болох “Боржигон-2019 соёлын биет бус өв” наадамд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сум оролцоно.

Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, ёс уламжлалаа сэргээх, хойч үе залуучууддаа өвлүүлэх зорилго бүхий энэхүү наадмын үеэр боржигон өв соёл, ёс заншлыг сурталчилсан үзэсгэлэн, соёлын биет бус өв болон түүнийг өвлөн уламжлагчдын тоглолт, зан үйл, ахуй соёлын үйл ажиллагаа, гар урлалын үзэсгэлэн худалдаа тус тус болох ажээ.

Боржигон өв соёл, ёс заншлыг сурталчилсан үзэсгэлэнд Боржигон эмээл, Боржигон морин хуур, Боржигон байшин, Боржигон ахуйн эд зүйлс, Сархинаган тоонотой гэр зэргийг дэлгэн үзүүлж, наадамчдын дунд “Аргай тонгорох” тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Соёлын биет бус өвийн зан үйл, соёлын үйл ажиллагааны хөтөлбөрт нум, сум харвах зан үйл, тэмээн соёлын зан үйл, айрагны соёл, цагаан идээ боловсруулах зан үйл, ургийн бичиг хөтлөх, монгол уламжлал, монгол уран бичлэгийн үзүүлбэр, боржигон хуримлах ёс, боржигон найрын шүүс идээ бэлтгэх болон түүний дэг жаяг, арьс элдэх сур боловсруулах зэрэг уламжлалт зан үйлээ харуулсан үзүүлбэрүүд багтсан аж.

Боржигон ёс заншил, соёлын биет бус өв тээгчдийн энэхүү наадамд Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дорноговь, Дундговь аймгийн нийт 17 сум оролцоно.  

Холбоотой мэдээ