Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлөх 5423 зөрчил байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-23 18:14:41
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдал зэрэгт нэгдсэн үзлэг шалгалт, судалгаа хийх ажлын баг есөн дүүргийн 152 хороонд 14 хоног ажиллав.

Судалгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж буй зөрчил, дутагдал, тэдгээрийн хүчин зүйлсийг бодитоор тодорхойлж, дүгнэлт гаргах, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилготой юм.


Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж буй 5423 зөрчил илрүүлээд байна. Энэ асуудлуудыг бүлэглээд холбогдох байгууллагууд нь өгч аюулгүй байдлыг хангуулна. Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байгаа асуудалд хяналт шалгалтыг тавих үүрэгтэй” хэмээлээ.

Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Бид өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй обьектыг чөлөөлсөн. Үргэлжлүүлээд 198 байршилд газрын зөрчил арилгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөөд байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцэхгүй янз бүрийн хашаа хайс барьсныг буулгаж байна" гэв.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас орчны нөхцөл байдлыг доройтуулан, эрсдэл үүсгэж буй асуудлыг газар дээр нь ажиллаж тодорхойлох, нарийвчилсан хуваарь гарган, тухайн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Албан даалгавраар тус ажлын багт үүрэг болгожээ.

Орчны тохижилт, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа 5423 зөрчлийг дүүрэг тус бүрээр нь доор харууллаа.


Холбоотой мэдээ