Баян-Өлгийн харваачдыг сургалтын хэрэгслээр хангалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-24 09:16:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний сурын харваачдын холбоо нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай /БСШУСЯ/ хамтран Баян-Өлгий аймгийн харваачдыг сургалтын иж бүрэн хэрэгслээр хангажээ. Сургалтын хэрэгсэл нь нум, сум, агсуурга, эрхийвч, хасаа зэргээс бүрдэх бөгөөд нийтдээ есөн сая төгрөгийн үнэтэй аж.

"Бид өнгөрсөн онд Монголын Үндэсний сурын харваачдын холбоонд хандаж сурын харвааны тоног хэрэгслээр хангах хүсэлт тавьсан. Холбооноос БСШУСЯ-тай хамтран төсөл хэрэгжүүлсний үндсэнд хүсэлтийг маань биелүүллээ. Тоног хэрэгслүүдийг өвлийн мөсөн харваа болон харваачдын бэлтгэл сургуулилтад ашиглана. Нэг хэсгийг сумдын холбоонд шилжүүлнэ. Ингэснээр харваачдын ур чадвар сайжирч, амжилт нь ахихад  дөхөм болно" хэмээн аймгийн Сурын холбооны нарийн бичгийн дарга Ч.Буян-Өлзий хэлэв.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн тамирчид сурын спортоор улсад тэргүүлдэг. Өнгөрсөн  үндэсний их баяр наадмын буриад сурын харваанд тус аймгийн уугуул Улсын мэргэн Н.Алтантулга түрүүлж Улсын хошой мэргэн» цол хүртсэн бол спортын мастер З.Нямсүрэн, Х.Хүрэлтуяа нар удаах байрт шалгарч байсан юм.

Холбоотой мэдээ