Хагас жилийн байдлаар гэмт хэргийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-30 13:43:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилд гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 29.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 он гарснаас хойш эхний хагас жилд нийт 112 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэрэгт холбогдогчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.8 хувиар буурч, 56 хүн холбогдсон аж.

Энэ хугацаанд танхайрах, булаах, албан тушаалын гэмт хэрэг, хүнийг санаатай хөнөөх гэмт хэрэг гараагүй бол малын хулгай, залилангийн гэмт хэрэг өсчээ.

Харин тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийн хулгай, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг буурсан аж.

Бүртгэгдсэн нийт хэргийн 16.1 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 28.6 хувийг бусдын эд хөрөнгийн хулгайн хэрэг, 0.9 хувийг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг, 8.9 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг, 0.9 хувийг дээрмийн хэрэг, 3.5 хувийг хүчингийн хэрэг, 21.4 хувийг малын хулгайн хэрэг, 11.6 хувийг залилангийн хэрэг, 8.1 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна.

Нийт гэмт хэргийн 14.3 хувийг согтуугаар, 4.5 хувийг бүлэглэж, 11.6 хувийг хүүхэд оролцсон, 9.8 хувийг эмэгтэй хүн оролцсон байдлаар үйлджээ.

Дэрэн, Сайнцагаан, Дэлгэрцогт, Баянжаргалан сум гэмт хэргийн тоогоор бусад сумаас илүү байгаа бөгөөд  18 ба түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэргийн тоогоороо аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарчээ.

Гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувиар өсч 46.2 хувь болсон бөгөөд гэмт хэргийн улмаас гарсан 300.3 сая төгрөгийн хохирлын 27.5 хувь буюу 82.6 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн аж.

Холбоотой мэдээ