Авлига авсан төрийн албан хаагчдын баримтыг бичлэгээр ил болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-29 17:27:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/ хагас жилийн ажлын тайлангаа танилцуулж, төрийн албан хаагчдын авлигын гэмт хэргийг дүрс бичлэгээр ил болголоо. 


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сард гэмт хэргийн шинжтэй 41 гомдол мэдээлэл хянан үзсэнээс 6 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлт нээжээ. Харин 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 16 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.0 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 41 гомдлын 27 нь Улаанбаатар, 14 нь орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.


Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд хагас жилийн байдлаар, мөрдөн байцаалтын 440 хэрэг шалгаж, 9 хэргийг шүүхэд, 30 хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Одоо 395 эрүүгийн хэрэг үлдсэн бөгөөд 346 нь хэрэг бүртгэлтийн, 49 нь мөрдөн байцаалтын шатанд байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 10 хувийг шийдвэрлэжээ.


АТГ-аас одоо шалгаж буй зарим хэргийн талаар мэдээлэх прокурорын зөвшөөрөл байхгүй тул, шүүхээр эцэслэн шийдэгдсэн зарим хэргийн талаар танилцуулав. Тухайлбал, ЗТХ-ийн сайд асан М.Сономпилд Дарханы ДЦС-д хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчээр “Хотгор зам” ХХК-ийг сонгон шалгаруулсныхаа хариуд иргэн Х-гээс 266 сая төгрөгийн хахууль авсан хэргийг прокурорт хүргүүлснийг, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс М.Сономпилд 5 жилийн хорих ял оноосон байна. Мөн Зам тээврийн яамны газрын дарга асан н.Ононд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч түүний хувийн эзэмшлийн 644 сая төгрөгийн үнэ бүхий амины орон сууцыг улсын өмч болгох шүүхийн шийдвэр гарчээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад илэрсэн зарим баримтыг ҮАБЗ-д танилцуулсан байна. 


Мэдээллийн төгсгөлд, АТҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын 62 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн талаар танилцуулав. Тэрээр ажлын байрандаа 25 сая төгрөг бэлнээр хадгалж байсныг нь мөрдөн шалгах ажиллагааны дүрс бичлэгээр ил болголоо. Мөн МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Баярсайхан, Экспорт ипортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа нарын гэр, албан өрөөнөөс 230 гаруй сая төгрөгийг илрүүлж байгаа мөрдөн шалгах ажиллагааны дүрс бичлэг дэлгэв. Тэд нийт 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж.


Дээрх хүмүүст холбогдох хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ төрийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасаж, тус бүрт нь 40 сая төгрөгөөр торгох ял оноожээ.


Холбоотой мэдээ