О.Баяндалай: Гадаадад дугуйгаар аялж, өндөр ууланд нь төрийн далбаагаа мандуулахыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-30 14:06:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол орныг унадаг дугуйгаар тойрох аяллаа амжилттай дуусгасан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн О.Баяндалайтай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан зусаж байна уу?

- Сайхан зусаж байна. Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

- Унадаг дугуйгаар эх орноо тойрон аялах аяллаа амжилттай дуусгасан танд баяр хүргэе. Таныг багаасаа спортод дуртай хүүхэд байсан гэж сонслоо?

- Баярлалаа. Би багадаа дугуй унах дуртай хүүхэд байсан. Долоон настай байхад найзынхаа ахын "Украин" гэдэг дугуйг араамных нь дундуур ороод унаж сурч билээ.

Дөрөвдүгээр ангид байхдаа хүмүүсээс гуйгаад, хаясан хуучин сэлбэгүүдийг цуглуулж угсраад анх өөрийн гэсэн унадаг дугуйтай болж баярлаж байлаа. Тэр үед шинэ дугуй 18 мянган төгрөг байсан.

 - Нэг хэсэг боксын спортоор хичээллэсэн байх?

- Одоогийн Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар багшийн удирдлага доор боксын спортоор хичээллэж дэд мастерын болзол хангасан.

2011 онд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Дархан хотод болсон боксын нээлттэй тэмцээнээс мөнгө, ОХУ-д болсон кикбоксын олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн зэрэг амжилт гаргаж байв.

- Яагаад боксоос дугуйн спорт руу орох болов?

- Тэвчээр шаарддаг спортын төрөл болохоор өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн.

- Өөртөө эрсдэл хийж унадаг дугуйгаар ганцаараа Монгол орныг тойрон аялахдаа ямар зорилго тавьсан бол?

- Би өөрөө аялах дуртай. Яаж хямд зардлаар Монгол орноо тойрон аялах вэ гэж үргэлж боддог байлаа. Сүүлд нь замдаа үзэж харах юм их байх гэж бодоод унадаг дугуйгаар аялахаар шийдсэн.

Нөгөө талаар спортоор хичээллэхийн ач холбогдлыг сурталчлахыг зорилго болгосон. Зорилго маань биелж хоёр сар 11 хоногийн хугацаанд 6300 км зам туулж, 21 аймгийг бүтэн тойроод ирлээ.

- Аяллаа хэзээ, хаанаас эхлэв?

- Өнгөрсөн тавдугаар сарын сарын 09-нд Улаанбаатар хотоос эхэлж, долдугаар сарын 21-нд хамгийн сүүлд Төв аймгийг дайраад Улаанбаатарт орж ирлээ. Дандаа аймгийн төвүүд, тэгээд аймгийн төвүүдэд ойрхон сумын төвүүдээр орсон. Олны хүч, дэмжлэгээр  аяллаа амжилттай дуусгалаа.

- Замдаа ямар хүндрэл, бэрхшээлүүд тохиолдов?

-  Намайг анх гарахад цасан шуурга шуурч цаг агаар таагүй байсан. Цас, салхи, өндөр даваа, бартаат зам гэж учирсан бүх бэрхшээлийг даван туулсан даа.

- Унадаг дугуй чинь эвдэрсэн тохиолдол гарсан уу?

- Дугуй нь хагарсан болохоос эвдрээгүй. Аялалд унасан дугуйгаа Нарантуул захаас сэлбэгүүдийг нь цуглуулж угсарсан. Өөрийнхөө угсарсан дугуйгаар эх орноо тойрон амжилттай аялсанд баяртай байна.  

- Өдөрт хэчнээн километр зам туулж байв?

- Ойролцоогоор 150-250 км явсан. Гэхдээ Завханаас цаашаагаа баруун аймгууд руу явахад зам бартаатай байсан.

- Зам зуур тохиолдсон сонин сайхан үйл явдлуудаасаа хуваалцах уу?

- Олон сайхан хүмүүстэй таарлаа. Байгалийн сайхныг үзэж харсан. Очсон газар болгонд хүмүүс эелдгээр хүлээж авч, тусалж байлаа. Зарим нь гэртээ урьж хонуулсан.

Сонин сайхан үйл явдал гэвэл, дугуйгаар явж байхдаа хөдөөний хүүхдүүд намайг гадаадын жуулчин байна гэж бодоод уралдаад гүйлдэж ирцгээнэ. Тэгээд намайг харангуутаа, монгол хүн байсан юм уу, дэмий ирж дээ. За, яах уу нэг зураг даруулчихъя гэдэг. Хүүхдүүдийн цайлган цагаан сэтгэл нь сайхан санагдсан.

- Очихоор төлөвлөсөн ч хүрч  амжаагүй газар байна уу?

-Бий. Жишээлбэл, Хөвсгөл аймагт амьдардаг цаатан иргэдийн урцад очиж хонох зорилго маань биелээгүй. Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан, Сүхбаатар аймгийн Шилийн богд уул зэрэг газарт очиж чадаагүй дээ.

- Танаас өмнө манай улсыг дугуйгаар тойрсон хүн байсан уу?

- Би гурав дахь нь юм байна. Хэдэн жилийн өмнө дугуйчин Ч.Мөнгөндалай тойрон аялал хийсэн. Мөн 90-ээд оны үед бас нэг хүн Монгол орныг дугуйгаар тойрсон байна лээ.

- Цаашдын зорилго юу вэ?

- Боломж гарвал гадаад орнууд руу гарч аяллаа үргэлжлүүлэх бодолтой байгаа. Зорьсон улсдаа дугуйгаар очоод, тэр орны хамгийн өндөр ууланд авиран эх орныхоо төрийн далбааг мандуулахыг зорьж байна.

Гадаад иргэд Монголд ирж дугуйгаар аялаад байхад Монголчууд яагаад гадаадад дугуйгаар аялж болохгүй гэж?.

 - Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа. Энэ боломжийг ашиглан анх аялалд гарахад намайг зоригжуулсан, дэмжсэн, тусалсан, сэтгэлээрээ хамт байсан бүх хүмүүст, мөн унадаг дугуйгаар урамшуулж хамтарч ажиллаж байгаа “Аtilla” группын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.  

Холбоотой мэдээ