Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ сарын 8-нд үргэлжлэн орсон борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер буужээ.
Үерийн
улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлагаар Онцгой байдлын
байгууллагын алба хаагчид ажиллалаа. Тухайлбал, Нийслэлийн Налайх дүүргийн I хороо
“Уурхайчид”-ын 25, 26, 27-р гудамж усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой
байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28-р анги болон Цагдаагийн хэлтсийн
нийт 13 алба хаагч техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 250 метрийн урт үерийн ус
зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулжээ.
Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 27-р хороо “Мана” амралтын
газрын барилгын зоорийн давхар, мөн 27-р хорооны “Чухаг” хотхоны 21-р байрны
зоорийн давхар, VII хорооны “Хилчин”-ий 119 дүгээр гудамж усанд автсан тухай
дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29-р
ангийн 5 албан
хаагч ажиллаж, барилгуудын усыг
насосоор соруулж, гудамжны усыг 5 метр урт шуудуу ухаж урсгасан байна.
Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Тахилт”, тус хорооны “Доод
салхит”-ын айлуудын
хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай
дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10
дугаар ангийн албан хаагчид ажиллаж 5-10 метрийн урт шуудуу ухаж усыг урсгажээ.
Мөн Хан-Уул
дүүргийн 4,10-р хороо 35-р байрны зоорийн давхар, айлын хашаа, гэр усанд автсан
тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах
30 дугаар ангийн 7 албан
хаагч ажиллаж, гэр, хашааны усыг 5 метрийн урттай шуудуу ухаж, байрны зоорийн
давхарт орсон усыг соруулсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.