Жамму ба Кашмирт парламентын сонгууль явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-09 14:17:38

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Жамму ба Кашмир холбооны нутаг дэвсгэрт орон нутгийн парламентын сонгууль удахгүй явуулна гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди пүрэв гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.


“Өөрсдийн төлөөллийг хамгийн ил тод байдлаар сонгох боломж олгоно гэдгийг би Жамму ба Кашмир мужийн оршин суугчид та бүхэнд батлан хэлж байна” гэж тэрбээр хэлснийг Энэтхэгийн телевизийн сувгууд шууд дамжуулсан байна.


Жамму ба Кашмирын мужийн статусыг цуцалж, энэ бүс нутагт мужаас бага эрх мэдэлтэй Жамму ба Кашмир, Ладакх хэмээх холбооны хоёр нутаг дэвсгэр байгуулах шийдвэр гаргаснаа Энэтхэгийн Засгийн газар даваа гарагт мэдэгдсэн юм. Тус улсын Засгийн газар Жамму ба Кашмир мужийн онцгой статусыг тодорхойлсон Үндсэн хуулийн 370 дугаар заалтыг хүчингүй болгосон байна. Энэхүү шийдвэрийг Энэтхэгийн парламентын хоёр танхим хоёул дэмжжээ.


Гэсэн хэдий ч Энэтхэгийн парламент  Жамму ба Кашмирын өөрийн гэсэн хууль тогтоох байгууллагатай байх эрхийг хэвээр үлдээсэн бол харин Ладакх нь хууль тогтоох байгууллагагүй холбооны нутаг дэвсгэр болсон байна.


Энэтхэгийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө Жамму ба Кашмир муж нь өөртөө засан тогтнох онцгой эрхтэй байсан юм. Тухайлбал, төв Засгийн газраас баталсан бүх хуулийг /батлан хамгаалах, гадаад харилцаа зэрэгтэй холбоотой баримт бичгээс бусад/ мужийн парламентаар хэлэлцүүлж баталдаг байжээ. Энэтхэгийн бусад бүс нутгийн оршин суугчид тус мужид газар худалдан авах эрхгүй байсан байна. Түүнчлэн тус муж нь өөрийн гэсэн далбаатай, бусад хэд хэдэн давуу эрхтэй байжээ.


Холбоотой мэдээ