Салхи ихтэй байгаагаас бэлчээрийн ургамал ихээхэн гэмтэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-12 17:20:49

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн УЦУОШГ-аас энэ оны наймдугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээлэл танилцууллаа.

Энэ өдрүүдэд нийт нутгаар салхи шуургатай, салхины хамгийн их хурд секундэд 4-18 метр хүрчээ. Үүнд,  Зэрэг сум 18м/с, Булган 17 м/с, Мөст, Жаргалант сумын нутгаар 16 м/с, Мөнххайрхан суманд 15м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Бусад  сумдын нутгаар 4-14 м/с салхитай байжээ. 

Мөн аймгийн хэмжээнд 69.7 мм хур тунадас орсон байна. Хамгийн их тунадас нь Ховд суманд 20.8 мм, Жаргалант 12.1 мм, Мянгад 9.1 мм, Мөст 7.0 мм, бусад  сумын  нутгаар 0.1-4.9 мм бороо оржээ. Харин Зэрэг, Дарви суманд бороо ороогүй аж. 

Одоогийн байдлаар нийт нутгаар  ургамлын өндөр  3-10 см  байна. Ихэнх  сумдын нутгаар салхи шуургатай байгаа  нь  бэлчээрийн  ургамлын ургалтад таагүй нөлөөлж, нийт нутгаар өвс ургамал гэмтэлтэй байна гэж салбарын мэргэжилтнүүд хэлэв. Тодруулбал,  сонгинолог  болон үет  ургамал үзүүрээсээ хүрэнтэж шарлах,  гол иш нь  шарлаж унах зэрэг  гэмтэл ажиглагдсан байна.

Чандмань, Дөргөн, Дарви, Мянгад, Дуут, Цэцэг Ховд суманд  ургамлын  ургалтын байдал сайн, бусад  сумдын нутгаар  дунд гэсэн үнэлгээтэй байгаа аж.

Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгор болон Алтай өвөр говийн сумдаар агаарын дундаж температур 21-25 градус, өндөр уулын сумдаар 17-21 градус дулаан байв.



Холбоотой мэдээ