Олон улсын мэдээллийн агентлагийн гэрэл зурагчид Улаанбаатар - Дорнод чиглэлд аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-12 15:15:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гадаадын томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэх зорилготой “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөр эхэллээ.


Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг хөтөлбөрийн нээлтэд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Монголын гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар болон Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, МСНЭ-ийн төлөөлөл оролцлоо.  


Энэ удаагийн хөтөлбөрт Монголын шилдэг гэрэл зурагчдаас гадна МОНЦАМЭ агентлагийн урилгаар ОХУ-ын РИА Новости, ТАСС, БНХАУ-ын Синьхуа, Японы Токио Ньюс, Кобешинбун, БНТУ-ын Анадолу, БНСУ-ын Ёнхап зэрэг хамтын ажиллагаатай агентлагийн 20 гаруй гэрэл зургийн сурвалжлагч оролцож байна. Тэд энэ сарын 12-20-нд Улаанбаатар хот, Төв, Хэнтий түүнчлэн Халх голын дайны 80 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймагт ажиллаж Монгол оронтой холбоотой гэрэл зургаар архиваа баяжуулах юм.


БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр: “Орчин цагийн Монгол орны талаар хамгийн бодитой мэдээллийг олон улсад хүргэх нь манай аялал жуулчлалын салбарын хөгжил, цаашлаад хөрөнгө оруулалтыг нэмэхэд онцгой ач холбогдолтой. Нүүдэлчин соёл иргэншлийн хамгийн том төлөөлөл болсон манай улсын биет болон биет бус соёлын өв гадаадын гэрэл зурагчдад сонирхолтой байх болов уу. Энэ жил Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил, Богдын мэлмий гийсний 150 жил, Атар газар эзэмшсэний 60 жил, Халх голын байлдааны түүхт 80 жилийн ой тохиож буйгаараа онцлог. Халх голын байлдааны 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн аялал хийж буй та бүгдэд талархал илэрхийлж, амжилт хүсье” гэлээ.


МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд: “Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах үүргийнхээ хүрээнд олон улсын нэр хүндтэй агентлагуудыг “Өнөөдрийн Монгол” хөтөлбөрт  урьж оролцуулдаг. Дэлхий дахинаа танигдсан мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан эх орноо сурталчлахад хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил манай урилгаар ОХУ-ын ТАСС, Россия Сегодня, БНХАУ-ын Синьхуа, Японы Киодо цушин зэрэг агентлагийн гэрэл зурагчин хүрэлцэн ирсэн. Энэ удаа БНСУ-ын Ёнхап, БНТУ-ын Анадолу агентлагийн гэрэл зурагчин нэмэгдэн ирлээ. Та бүгд Монгол Улсын түүх соёл, унаган байгаль, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүмүүсийн аж амьдралын тухай олон сайхан гэрэл зураг авч, өөр өөрсдийн сувгаар дэлхий дахинд түгээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


Монголын гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар: “Өдөр тутмын мэдээллийг хамгийн түргэн шуурхай түгээн дэлгэрүүлдэг хүмүүс бол гэрэл зургийн сурвалжлагчид юм. Монгол орны өнөөгийн байдлыг дэлхий дахинаа таниулах зорилготой уг арга хэмжээг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хүрэлцэн ирсэн мэдээллийн агентлагууд зурган мэдээллээ түргэн шуурхай түгээж олон сая хүнд хүргэж байна. Цаашид энэ хөтөлбөрийг улам өргөжүүлж, гадаад дотоодын олон хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулахыг зорьж байна” гэв.


ОХУ-ын РИА Новости агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч В.Астапкович: “Монгол оронд хоёр дахь удаагаа зочилж байна. Яг л гэртээ ирсэн мэт санагдаж байна. Энэ удаагийн аялал ихэд сэтгэл хөдөлгөж байна. Өмнө нь хоёр долоо хоног аялахдаа Монгол орныг олон өнцгөөс дүрслэх боломж тохиож 1200 орчим кадртай буцсан. Энэ удаа мэдрэмжээ даган гэнэтийн дүрслэлүүдийг дурандаа буулгахыг хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


ОХУ-ын ТАСС агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч А.Гармаев: “Өнөөдрийн Монгол” бол олон улсын гэрэл зурагчдыг нэгтгэсэн үнэхээр сайхан төсөл. Миний хувьд энэ хөтөлбөрт хоёр дахь удаагаа оролцож байна. Монгол Улс нүүдэлчин ахуйгаараа дэлхий дахинаа танигдсан. Тиймээс энэ удаа орчин цагийн Монголыг дүрслэхэд илүү анхаарна гэж бодож байна. Үндэсний хэв шинжийг орчин үеийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэй хослуулбал сонирхолтой байх болов уу” хэмээв.



БНТУ-ын Анадолу агентлагийн гэрэл зургийн редактор Фират Юрдакул: “Би Монголд анх удаа ирж байна. Олон сайхан зураг дарж агентлагийнхаа архивыг баяжуулах зорилготой байна” хэмээлээ.


Харин БНХАУ-ын Синьхуа агентлагийн Монгол дахь сурвалжлагч Сурья: “Монголын үзэсгэлэнт байгалиар аялж олон сайхан зураг авах гэж буйдаа баяртай байна. Би Монголд ажиллаад нэг жил болж байна. Монголчууд их элгэмсэг сайхан сэтгэлтэй учир ажиллахад сайхан байна” гэв.


Японы Кобешинбун сонины гэрэл зургийн сурвалжлагч Такеши Гото: “Миний хувьд Халх голын байлдаан өрнөж байсан газар очих нь их сонирхолтой санагдаж байгаа. Хөтөлбөрийн сэдвийн хүрээнд нүүдэлчин уламжлалыг хотын хөгжилтэй хослуулан дүрслэхийг хүсэж байна” гэлээ.


Харин цахим орчинд #birddetective буюу шувуу мөрдөгч хэмээн алдаршсан БНТУ-ын гэрэл зурагчин Мехмет Эмин: “Би зэрлэг байгаль, тэр дундаа шувуудын зургийг дурандаа буулгах дуртай. Монголд өмнө нь богино хугацаагаар ирж байсан. Түрк хүмүүс Монгол орны байгалийн үзэсгэлэнг ихэд биширдэг. Өөрийнхөө бүтээлээр Монгол улсыг зөвхөн Түркд төдийгүй дэлхий дахинаа таниулахыг хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийн оролцогчдын тайлан үзэсгэлэнг энэ сарын 20-25-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээх юм.


 


Холбоотой мэдээ