“Монгол-Хятадын экспо-2019”-д оролцохоор 360 ААН бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-13 15:18:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д ирэх сарын 5-10-нд болох “Монгол-Хятадын экспо-2019”-д оролцохоор одоогийн байдлаар дотоодын 360 аж ахуйн нэгж бүртгүүлжээ.

Бүртгэлийг МҮХАҮТ, “Мишээл экспо” компанид болон Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хийж байна.

Экспогийн талаар ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодруулбал, “Экспогийн үеэр манай үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд сурталчлан борлуулах үзэсгэлэн-худалдаа зохион байгуулахаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг хэлэлэх хурал, чуулган болно. Мөн хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд хийх юм” хэмээв. Экспогийн үеэр мөн ноолуурын салбарын чуулган, үзэсгэлэн, загвар зохион бүтээгчдийн шоу зохион байгуулахаар төлөвлөжээ.

Цаашлаад экспо болох хотын нэг ӨМӨЗО-ны Улаанцавд Монгол орны соёл уламжлалыг харуулсан үзэсгэлэн гарах аж. Үзэсгэлэнг манай улсын ГХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ хариуцан Засгийн газраас баталсан гурван тулгуурт хөгжлийн бодлого болох аялал жуулчлал, ХАА, уул уурхайн сэдвээр зохион байгуулах юм.

Экспогийн үеэр болох бас нэг үйл ажиллагаанд Зүүн хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны чуулган орж байна. Энд 700 орчим зочин, төлөөлөгч оролцох аж. Мөн Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хуулийн үйлчилгээний талаар хэлэлцэх чуулган болно. Үүнээс гадна Монгол-Хятадын стандартчиллын хамтын ажиллагааны чуулган, Монгол-БНХАУ-ОХУ-ын боловсролын чуулган, Монгол-Хятадын II удаагийн технологи шилжүүлэх чуулган, Монгол-ОХУ-БНХАУ-Итали, БНСУ-ын ноос, ноолуурын чуулган зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Монгол-Хятадын экспо-2019” нь энэ жил тохиож буй Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болох гэж буй бөгөөд хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрэх зорилтыг биелүүлэхэд түлхэц болно хэмээн албаныхан онцолж байгаа юм.

Б.Болд

Холбоотой мэдээ