Үер усны аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор анхааруулах самбар байрлууллаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-08-14 14:50:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд орсон түр зуурын ширүүн борооны улмаас Дархан сумын зам дагуу ус урсаж, шавар тогтсон төдийгүй авто замын ус зайлуулах хоолой ачааллаа даахгүй, зарим  газраа зам хаагдсан байдалтай байна .

Иймд Дархан сумын Онцгой комисс хуралдаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай газруудад мэргэжлийн байгуулагын хүчийг ашиглаж, сэрэмжлүүлэх самбар байрлуулж байна.

Гол усны түвшин нэмэгдэж осол гарах магадлал өндөр байгаа тул Хараа гол дагуух дөрвөн цэгт аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран "Анхааруулах”, “Хориглох” тэмдэглэгээ бүхий өнгөт самбар байрлуулжээ.

Хараа голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай хэмжээнээс 11 см-ээр даван үерлэсэн тухай аймгийн ОБГ-аас мэдэгдэв.

Иргэдээс гарсан саналын дагуу 15 дугаар багийн дөрөв дүгээр хэсгийн зарим гудамжинд шороо асгуулах, хуучны үерийн даланг сэргээх асуудлыг судлах, Зулзагын гол хүүхдийн зуслангийн зам ихээр эвдэрсэн тул Дархан Сэлэнгэ чиглэлийн авто замаар зорчих, анхааруулах самбар бэлтгэх, Эрүүл мэндийн газартай хамтран гэр хорооллын нойлын бохир хальсан айл өрхүүдийн судалгааг авч,  ариутгал халдваргүйжүүлэх зэрэг ажил хийж байна.

Холбоотой мэдээ