“Пик Бокс” уулын оргилд Онцгой байдлын байгууллагын тугийг мандуулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-14 17:51:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яам хоорондын “Харилцан ойлголцлын Санамж бичгийг хэрэгжүүлэх 2017-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд тус улсад болсон “Уулын аврах ажиллагааны дадлага, сургалт”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдлаа.



Киргизийн Бишкек хотноо болсон тус сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцсон талаар ОБЕГ мэдээлэв. 


Сургалтаар уулын аврах ажиллагаанд хэрэглэгддэг багаж, тоног төхөөрөмжийн талаар танхимын сургалт зохион байгуулж, өндөр уулан дээр аврах ажиллагаа явуулах, олс зангидах зэрэг дадлага сургуулийг хийсэн байна. Мөн энэ үеэр сургалтад хамрагдсан алба хаагчид 4450 м өндөр “Пик Бокс” уулын оргилд гарч, эх орныхоо болоод Онцгой байдлын байгууллагын тугийг мандуулжээ.



Холбоотой мэдээ