ШУӨЗО-ны экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-15 16:12:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны /ШУӨЗО/ экспортын бараа бүтээгдэхүүний 10 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр Өлгий хотод нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн худалдааг Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг угтан Баян-Өлгий аймгийн ЗДТГ, ШУӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих хороо, БНХАУ-ын Олон улсын бизнесийн нийгэмлэгийн ШУӨЗО дахь салбар нийгэмлэг зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал онцоллоо.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хүнс болон жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, оёдол сүлжмэл, гоо сайхан, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 аж ахуйн нэгж оролцож байна.

Өмнөд хөршийн үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулахаас гадна Баян-Өлгий аймгийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулна. БНХАУ-ын ШУӨЗО-ны экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ