Далайн гүний хуванцар хаягдлыг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-19 14:54:42

ТОКИО. /Teller Report/. Хуванцар хаягдлууд далайн гүнийг хэрхэн бохирдуулж, экосистемд яаж нөлөөлж буйг судлах томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон талаар Японы Үндэсний судалгааны институтээс мэдээлжээ.


Японы Шинжлэх ухаан, технологийн агентлаг хуванцар хаягдлаас үүдэлтэй далайн бохирдлыг судлах багийг өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан бөгөөд гурван долоо хоногийн хугацаанд үргэлжлэх уг төсөл наймдугаар сарын 28-нд эхэлнэ. Уг судалгааг Токио хотын өмнөд хэсгийн Сагами эрэг болон Токиогийн зүүн хэсгийн Босо хойгийн усан нутаг дэвсгэрт явуулах ажээ.


Судлаачид далайн 1200-9200 метрийн гүн дэх микро хуванцрын хэмжээг тодорхойлж, олж авсан үзүүлэлтүүдээ судалж, далайн амьтдын ходоодноос хэдий хэмжээний хаягдал гарах боломжтойг тогтоох юм. Микро хуванцар нь 5 миллиметрээс жижиг хэмжээтэй бөгөөд экосистемд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мэргэжилтнүүд мөн хуванцар хаягдал далайн гүний орчинд хэрхэн нөлөөлж буйг судална. 

Холбоотой мэдээ