Шинэ замын ажил удаашрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-21 12:02:50

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.5 км авто замын ажил өнгөрсөн 6 дугаар сарын 5-ны өдөр эхэлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар замын ажил төлөвлөгөөнөөсөө 30 хувийн хоцрогдолтой удааширсан байдалтай байна. 

Анх тус замын ажлыг зохион байгуулах эрхийг Зам тээвэр, хөгжлийн яам хуулинд заасны дагуу Дорнод аймгийн Засаг даргад шилжүүлсэн байсан ч дээрх эрхийг цуцалж, яам өөрөө худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Замын ажилд “Арц суварга” компани шалгарч өнгөрсөн 6 дугаар сард эхэлсэн ч сургууль, цэцэрлэгийн бүсийн замын ажил дуусаагүй байна. Тийм учраас сургууль, цэцэрлэг орохоос өмнө түр зам гаргахаар төлөвлөжээ. 

Одоогийн байдлаар тус замын ажил зарим хэсгээр зогссон байдалтай байна. Учир нь баригдаж буй замын доогуур зайлшгүй шинэчлэх шаардлагатай 481 метр цэвэр усны шугам байгаа аж. Тус аймгийн Нийтийн аж ахуйн газраас шаардлагатай зураг төслийг өнгөрсөн онд гаргуулсан ч замын ажлыг хариуцсан “RC LC” зураг төслийн компани дээрх зургийг тусгаагүй байжээ. 



Холбоотой мэдээ