Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нь хянаж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болгов.
Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн бүтэц, хүний болон санхүүгийн нөөцөөр хангах боломжгүй тул Засгийн газрын 2011 оны “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг шинэчлэх шаардлагатай болсон байна.
Товч мэдээ:
- БНМАУ, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжээд, ноот бичигт гарын үсэг зураг эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтов.
- Улаанбаатар хотод зургаадугаар сард болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн ЗГХК-ын V, мөн БНСУ-ын Сөүл хотноо зургадугаар сард болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IV хуралдааны дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Комиссын дарга нарт даалгав.
- “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжүүлэх хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Санхүүжилтийн хэлэлцээр" болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.