Д.Тогтохсүрэн: Байгалийн баялаг нь төрийн, нийтийн өмч гэж тодорхойлно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-08-26 14:42:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-гоор шийдээгүй зарим асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулав.  


-Өнгөрсөн баасан гарагт ТББХ-ны хуралдаанаар, тодорхой асуудал шийдээгүй өндөрлөсөн. МАН-ын бүлгийн хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцсэн үү?

-ТББХ-ны хуралдааны үеэр хоёр асуудал орхигдсон. Тодруулбал, нэг нь байгалийн баялаг нь төрийн өмч, эсвэл төрийн нийтийн өмч гэж томьёолох асуудлыг хөндсөн. Нөгөө нь ШЕЗ-тэй холбоотой 49.5 дахь заалт байв. МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, дээрх хоёр асуудлаар эцсийн шийдвэр гаргалаа. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд байгалийн баялаг нь төрийн өмч гэж байсан бол, Ерөнхийлөгчийн санал болгосноор, байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч байх нь зөв гэж үзлээ.

УИХ-ын 62 гишүүний төсөлд шүүхтэй холбоотой 9 заалт байсан бол, Ерөнхийлөгчийн төсөлд 2 заалт байсан. Эдгээр саналыг нэгтгээд гурван томьёолол болгож оруулахаар боллоо. Нэгдүгээрт, шүүхийг хэрхэн байгуулах, хоёрдугаарт ШЕЗ-ийн бүтэц, гуравдугаарт шүүгчдэд хариуцлага тооцдог байх асуудлыг гурван заалт болгож тусгахаар боллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар, 35-аас дээшгүй хувьд өөрчлөлт оруулах ёстой. Тиймээс бусад шүүгч нарт тавигдах шаардлагатай холбоотой асуудлыг хассан. 


-ШЕЗ-ийн бүтэц ямар байхаар тусгаж байгаа вэ?

-ШЕЗ-ийн таван гишүүн нь дотроосоо сонгогдож, УИХ-аас томилно. Үүнд мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэмтэн судлаач зэрэг багтах юм. Мөн Засгийн газраас томилох эрх нь нээлттэй байгаа.

 

-Төрийн, нийтийн өмч гэж томьёолох нь хэр оновчтой вэ. Барууны орнуудад эд зүйл гэдэг агуулгаар томьёолсон туршлага байна?

-Одоогийн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхой заасан байна. Ингэхдээ, төрийн өмчийг дотор нь хоёр ангилсан. Нэг нь өөрийн өмч буюу сандал, ширээ гэх зэрэг захиран зарцуулах зүйл. Хоёрт, төрийн, нийтийн өмч буюу байгалийн баялаг, уул, ус, ургамал, ан амьтан, ой зэрэг багтах юм. Нийтийн өмчийг захиран зарцуулах эрх нь хэдий төрд байгаа ч иргэдийнхээ саналаар шийддэг байх тогтолцоог бүрдүүлэх үүднээс байгалийн баялаг нь төрийн, нийтийн өмч гэж томьёолж байна. 


-Байгалийн баялаг нь шууд нийтийн өмч гэж тодорхойлж яагаад болохгүй вэ?

-Нийтийн өмч гээд тодорхойлбол, иргэн ямар ч зөвшөөрөлгүй байгалийн баялгийг захиран зарцуулах эрхтэй болно. Энгийнээр хэлэхэд, “нинжа” нарт газрын хэвлийг ухах эрх олгож байна гэсэн үг. Дээрх зохицуулалт нь төр лицензээ өгөөд, хянаж ажиллана гэсэн агуулгатай юм. 


-МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүний тоог 99 болгох санал гаргасан. Харин УИХ-ын гишүүнийг сонгох тогтолцоог хэрхэн томьёолсон бэ?

- Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд, УИХ-ын гишүүн 108 байхаар тусгасан. Ингэхдээ 54 нь можаритор буюу жижиг тойргоос, 54 нь улс орон даяар сонгох тогтолцоо байсан. Харин УИХ дахь АН-ын зөвлөлөөс зарчмын хувьд Ерөнхийлөгчийн 108 гишүүнтэй байх тогтолцоог дэмжиж байгааг илэрхийлсэн. Ингэхдээ, 54 гишүүнийг можаритор, 54 гишүүнийг намын жагсаалтаар сонгодог байх санал гаргасан юм. УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлыг авч хэлэлцээд, 108 байх нь хэтэрхий олон байна гэж үзээд, хоёр оронтой тоонд багтаах нь зүй гэж үзсэн. Ингээд 99 болгох нь зөв гэж тогтсон. 

Тогтцолцооны хувьд, иргэн хувь хүнийг л сонгохоос улс төрийн намыг сонгохгүй байя гэсэн тодорхой байр суурьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар сонгох тогтолцоог дэмжихгүй. Ингэснээр улс төрийн намын ард байдаг нуугдмал булхай байхгүй болно. Харин тойрог нь том, жижиг, ямар ч байж болох юм. Ер нь тогтолцоотой холбоотой асуудлыг Сонгуулийн тухай хуулиар шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн парламент нь тогтолцоог хасах асуудлыг хөндөж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцооноос болж Үндсэн хууль байнга хөдлөх эрсдэл үүснэ. 


-АН-ын зөвлөлөөс УИХ-ын гишүүний тоог 99 болгохыг дэмжихгүй, 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн эдийн засагтай холбоотой санал болгосон заалтыг нь оруулахгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй гэж мэдэгдэж байсан?

-Өнгөрсөн баасан гарагийн ТББХ-ны хуралдааны үед УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат маш олон зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тэр яриад байгаа санхүү, эдийн засагтай холбоотой, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх зэрэг саналыг бүгдийг нь хүлээн авсан. 


-АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгчтэй санал нэгдээгүй ямар асуудал байна вэ?

-Санал нэгдээгүй асуудал одоо байхгүй болсон.


-УИХ дахь АН-ын зөвлөлөөс санал болгосон орон нутагт санхүү, эдийн засгийн эрх мэдэл олгох асуудлыг хүлээн авсан уу?

-Энэ асуудлыг 59.2 дугаар заалт болгон авсан. Одоо Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. 


-Тэгвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт ороход бэлэн болсон гэж ойлгох уу?

-Бид хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр 14.00 цагаас дээр дурдсан хоёр асуудлаа ТББХ-оор хэлэлцээд,  15.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Ингээд энэ долоо хоногтоо гуравдугаар хэлэлцүүлэгт орох, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрвээ гуравдугаар хэлэлцүүлэгт орвол УИХ-ын ээлжит бус чуулган 10 хоног завсарлана. Ард нийтийн санал асуулга явуулахаар бол дахин хэлэлцүүлэг хийж бэлтгэл ажлыг хангана. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан 10 гаруй асуудлыг хэлэлцэх эрх үүсэх юм. 

Холбоотой мэдээ