Хөвсгөл аймгийн нийт нутгийн 40 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-28 20:47:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн зуншлагын байдал энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна гэдгийг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрчээ. 

Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ. Бэлчээрийн даац хэтэрч гарсан нутагт Галт, Төмөрбулаг, Цагаан-Уул, Арбулаг, Жаргалант, Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант, Эрдэнэбулган сумын зарим баг, сумдын төвийн багууд орж байна. Бэлчээрийн даац ийнхүү зарим нутгаар муу гарсан тул цас ахиу орох нутгуудад отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах ажлыг цас орж, цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдах, хүйтрэхээс өмнө эртнээс оновчтой зохион байгуулах шаардлагатай байгаа ажээ.


Холбоотой мэдээ