МУБИС элсэгчдийнхээ 80 хувийн сургалтын төлбөрийг хөнгөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуулиуд 2018-2019
оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө 30-40 хувиар нэмж байсан бол энэ
хичээлийн жилд зарим их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутны сургалтын
төлбөр 5-10 хувь нэмэгджээ.
Их, дээд сургуулиуд
сургалтын төлбөрөө нэмсэн шалтгааныг сургалтын хөтөлбөр, материаллаг баазыг сайжруулах,
сургуулийн орчинд бүтээн байгуулалт хийх, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх
зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
ШУТИС энэ жил
сургалтын төлбөрөө 10 хувиар нэмж, 2.5-2.7 сая
төгрөг болгосон байна. Нэмсэн шалтгаан нь олон улсын магадлан итгэмжлэл хийлгэсэн,
лабораторийн шинэчлэлт болон улсаас тогтмол зардал өгөхөө больсонтой холбоотой аж.
ШУТИС-ийн Сургалт,
оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал хэлэхдээ, “Хуучин сурч байсан
буюу 2-5 дугаар дамжааны оюутнуудын хувьд, сургалтын төлбөр 10 орчим хувиар
нэмэгдсэн. Энэ нь ямар үндэслэлтэй вэ гэвэл ШУТИС төрийн өмчийн их сургуулийн
хувьд сүүлийн хэдэн жилд улсаас тогтмол зардал өгөхөө больсон. Манай сургууль
нэг кредитийн төлбөрөөр явдаг. Гурван үндсэн категоритой. Энэ нь инженер технологийн чиглэлээр сурч
байгаа оюутны хувьд нэг кредитийн сургалтын төлбөр 90 800 төгрөг байдаг” гэв.
Харин МУБИС сургалтын
төлбөрөө нэмээгүй байна. Шинээр элсэгчдийн 80 хувьд нь сургалтын төлбөрийн
хөнгөлөлт үзүүлжээ. Тухайлбал, 500-аас дээш оноо авсан бол 50 хувь, 550-аас дээш оноо авсан бол 60 хувь, 600-аас дээш оноо авсан бол 70 хувь,
700-аас дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг хөнгөлсөн байна.
МУБИС-ийн Оюутны
хөгжлийн албаны дарга Г.Батсуурь, “Өмнөх жилүүдийн буюу 2-4 дүгээр
дамжааны оюутнуудын хувьд сургалтын төлбөрт ямар нэг өөрчлөлт ороогүй. Харин
нэгдүгээр дамжаанд элсэгчдийн сургалтын төлбөрийг шинээр тогтоосон. Гэхдээ энэ
жил МУБИС-иас чанартай багш бэлтгэхийн тулд чанартай элсэгч элсүүлэх бодлогын
хүрээнд олон хөнгөлөлт зарласан” гэв.
Их, дээд сургуулиудын
сургалтын төлбөрт яамны оролцоо байдаггүй. Харин их, дээд сургуулиуд сургалтын
төлбөрөө нэмэх бол салбарын яаманд заавал мэдэгддэг аж.
Энэ жил ХААИС,
АШУҮИС, ШУТИС сургалтын төлбөрөө 10 хувиар, СУИС 5 хувиар, МУИС болон МУБИС
нэмээгүй байна.